Устсан өвчний жагсаалтад 1974 онд бүртгэсэн шүлхий 2000 оноос хойш манай улсаас салахаа болилоо. Дөч орчим жил нэр нь дуулдаагүй хонь, ямааны цэцэг, мялзан ч “заналхийлж” эхлэв. Өнгөрсөн онд 18 аймгийн 93 суманд шүлхий, хонь, ямааны цэцэг, мялзан гарсан бол өнөө жил Хэнтий, Төв, Дундговь, нийслэл гээд 98 газарт дэгдэв. Үүний улмаас тодорхой хүрээнд хүн, малгүй хөл хорионд орлоо. Ингээд малчин нь төр рүүгээ, төр нь гадаадынхан руу алгаа тосож эхлэх нь тэр.
Манай улс мал эмнэлэгтээ жилд 18 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгийг 61.5 сая малдаа хуваарилахаар нэг малд 30 орчим төгрөг зарцуулах тооцоотой. Хэдийгээр нөхцөл байдал ийм ядмагхан байгаа ч мал, амьтны халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэдэг “Биокомбинат” 2010 оноос хойш ашигтай ажиллаж (Үйлдвэрлэсэн вакцинаа Засгийн газарт худалдаж, жилд 5-6 тэрбум төгрөгийн орлого олдог), технологио сайжруулан, олон улсын стандартад нийцэхүйц 60 орчим нэр төрлийн 50-иад сая тун шингэн болон шахмал вакцин жилд үйлдвэрлэж, гадагш урсах 50 тэрбум төгрөгийг улсдаа үлдээдэг болжээ.
Тэдний хэлж буйгаар голдуу бруцеллёз, боом, галзуу өвчний вакцин үйлдвэрлэдэг гэнэ. Шүлхий, мялзан зэрэг өвчинд дарлуулж, гадаадаас өндөр үнээр вакцин худалдаж авахгүй, дотооддоо үйлдвэрлэх боломж бий гэдгийг хэлэх хүн олон байна. Тэд “Мах экспортлоход хүндрэл учруулж, тээг болж буй зүйл бол халдварт өвчин. Нян үүсгэгчийг гадаадаас худалдаж авахад өртөг өндөр.
Нэг л удаа түүнийг нь авчихвал дотооддоо шүлхийний эсрэг вакцин үйлдвэрлэх боломжтой. Гэвч үүнийг хийх сэтгэл алга. Дээрээс нь “Биокомбинат” үйлдвэрийнхэн дотооддоо зөрчилдөөн ихтэй. 2010 онд Унгараас хүүгүй зээл авч, технологио сайжруулах боломж байсан ч тухайн үеийн удирдлагууд нь үгүй хийсэн” хэмээн ярив.
Манай улс энэ жил Иран руу хонины 4000 тонн мах экспортлох гэрээ байгуулж, анхны бүтээгдэхүүнээ ачууллаа. Үүнийгээ монгол малын махыг дэлхийн бусад оронд брэнд болгох ажлын эхлэл хэмээн тайлбарлаж байгаа. Ер нь л мал аж ахуйн орон гэгдэх манай улс мах экспортлох, малын түүхий эдээ эргэлтэд оруулахын тулд олон ажил санаачилж, хэрэгжүүлсээр ирсэн.
Одоогийн Засгийн газар ч 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилт дэвшүүлж, Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Үүний хүрээнд хийж буй нэг ажил нь Иран руу гаргаж буй хонины мах. Иран улсын “Эко фүүд трэйдинг” компанийн менежер А.Амирбек “Махны чанар, нийлүүлэлт сайн байвал захиалгаа нэмнэ” гэсэн цөөн үгээр бидэнд өргөн боломж байгааг хэлээд, “Эрүүл малын мах авна шүү” гэх анхааруулга бас өгсөн юм.
Манай улсын холбогдох албаныхан “Цаашид захиалга нэмэгдэнэ. Манай улс жилд бог малын 100 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой. Үүнийгээ бүрэн ашиглаж чадвал дэлхийн зах зээлд монгол малын махны амт, чанарыг таниулж, үнэд хүргэнэ. Тиймээс бог малын махны экспортод квот тогтоохгүй, мөн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж байв.
Гэвч тэд хамгийн чухал асуудлаа мартаж орхисон. Өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байгаа мал, амьтны халдварт өвчинтэй хэрхэн тэмцэж, малаа хэрхэн эрүүлжүүлэх талаар бараг ам нээсэнгүй.
ХААИС-ийн хэд хэдэн багш, эрдэмтэнтэй уулзлаа. Тэдний хэлж буйгаар манайханд шүлхий өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх хүсэл байдаггүй бололтой. Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Аргентин улсаас Монголд суугаа Элчин сайдтай уулзаж, тус улсын шүлхийн вакцины технологийг нэвтрүүлэх талаар санал солилцож байжээ.
Харамсалтай нь, тус улсын туршлагыг “Биокомбинат”-д нэвтрүүлэх ажлыг Аргентин бус, манайхан мартчихав. Авах хүн бөхийдөг байтал манайхан гэдийж, тэд дэмжлэг үзүүлэхээс татгалзсан аж. Эрдэмтэн, докторууд “Шүлхий өвчний талаар ярих зүйл их бий. Гэвч асуудлыг өнөөдөр зоригтой гаргаад тавьчих хүн алга. Болохгүй, бүтэхгүй байгааг нь хэлж, ярихаар бид буруутан болдог. Манай удирдлагууд малаас ашиг олно гэдгийг малаа өвчлүүлж, вакцин, эм шахаж, түүгээрээ мөнгө олох гэж ойлгодог бололтой.
Хугацаа нь дууссан, Монгол Улсын бүртгэлд байхгүй эм, тарилга оруулж ирсэн тохиолдол өнгөрсөн жилүүдэд олон гарсан. Ер нь шүлхийгээр далимдуулан мөнгө олдог хүн олширсон. Шүлхий туссан үхрийн сэгийг шатаах зуухыг 600-гаад сая төгрөгөөр оруулж ирсэн ч, тэр нь өдгөө Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн хашаанд зэвэрчихсэн хэвтэж байна. Үүнийгээ ашигладаггүй шалтгаанаа хүчин чадалтай нь холбож тайлбарладаг. Ингээд өвчилсөн үхрээ газарт булж байна. Энэ нь эргээд өвчний голомт болж байх жишээтэй” хэмээв.
Манай улс жилд дунджаар 10 орчим тэрбум төгрөгөөр гадаадаас гоц халдварт өвчний вакцин худалдаж авдаг аж. Өнөө жил гэхэд л ОХУ-аас шүлхийн 4.3 сая тун вакцин авахаар ХХААХҮ-ийн сайд хэлэлцээр хийсэн. Үүнээс 1.3 сая тунг өнгөрсөн сард авсан билээ. Вакцины эрэлт, түүнд хэдэн төгрөг зарцуулдаг талаар тус яамны мэргэжилтэн Б.Цолмонгоос тодруулахад “Манай улс жилд шүлхий өвчний 4-5 сая тун вакцин хэрэглэдэг. Бид “Биокомбинат”-аас 25 нэр төрлийн био бэлдмэл худалдаж авдаг.
Одоогоор шүлхий, мялзангийн вакциныг гадаадаас авч байна. Шүлхийн вакциныг дурын улс үйлдвэрлэдэггүй. Мялзангийнхыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Энэ өвчин манай улсад 2016 онд анх удаа бүртгэгдсэн тул дотооддоо вакциныг нь хийх боломж бий, эсэхийг судалж байна. 2019 оноос дотооддоо үйлдвэрлэх талаар “Биокомбинат”-ынхантай ярилцлаа. Энэ хоёр вакциныг авахад жилд 4.5-5 орчим тэрбум төгрөг зарцуулдаг” гэв.
Шүлхийн вакцин хийх боломжтой, эсэх талаар “Манай улс дотооддоо шүлхийн вакцин үйлдвэрлэх шаардлагатай нь үнэн. Гэхдээ боломж хомс. Ингэхийн тулд бактерилогийн өндөр технологи, хамгаалалтын маш нарийн горим шаардсан үйлдвэр байгуулах хэрэгтэй. Онцгой нөхцөл шаардсан ийм үйлдвэр дэлхийд цөөн байдаг. Өөрөөр хэлбэл, шүлхийн үүсгэгчийг гадаад орчинд алдаж, халдвар тараахгүй байх шаардлагатай юм. Вакциныг Энэтхэг, Хятад, Оросоос импортолдог. Шүлхийн вакцины ихэнхийг ОХУ-аас авч байгаа” гэлээ.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг бий. Хэн чанартай бүтээгдэхүүн нийлүүлж байна, түүний бизнес тэлдэг нь зах зээлийн зарчим. Харамсалтай нь, орж ирэх ашгаа чухалд тооцож буй болохоос, малаа эрүүлжүүлэхэд анхаарч буй албан тушаалтан манайд алга. Өнгөрсөн найман жилийн хугацаанд манай эрдэмтэд шүлхийн вакцин үйлдвэрлэх иж бүрэн лаборатори байгуулах төсөл хоёр ч удаа боловсруулсан гэнэ. Гэвч түүнийг санхүүжүүлэх боломжгүй гэдэг шалтгаанаар татгалзсан хариу өгчээ.
Уг нь бол үүнийг ажил хэрэг болгоход 4-5 тэрбум төгрөг л шаардлагатай байсан талаар эрдэмтэд ярив. Эцэст нь хэлэхэд, “Малын эмийн зохистой хэрэгцээг хянадаг байгууллага нь нэр төдий. Вакцин нийлүүлсэн нэрээр мөнгө иддэг. Захиалсан вакцин нь тоо ёсоороо ирэхгүй болохоор, мөнгөө буцаагаад авлаа гэдэг. Ийм нөхцөл хэвээр үргэлжилбэл манай улс ойрын хэдэн жилд шүлхий хэмээх гоц халдварт өвчнөөс малаа салгаж чадахгүй” гэх эрдэмтдийн анхааруулгыг сануулахад гэмгүй биз.