Эртний хамтрагч “Кореан эйр”-тэй манайхан нэг сайн “зодолдох”-оор шийджээ. Тус компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч 10 хоногийн өмнө Монголд буугаад мордсон. Ээдэрсэн утасны учгийг сүвлэж, эв аяыг нь олохоор чимээ шуугиангүй ирээд буцсанаас зайлахгүй гэж таамаглав.
Ямар утас ээдэрчихэв гэж уншигч авхай та сонирхож байна уу. Манайхан Монгол, Солонгос улсын агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар, тэгэх тусмаа өөрсдөдөө ашигтай шийдэл гаргуулах хатуу байр сууринд зогсчээ. Энэ нь манай зах зээлд монополь тогтоосон гэж гоочлогддог “Кореан эйр”-ийнхнийг сандаргасан хэрэг.
Монголчууд хоёр талын агаарын харилцааны хэлэлцээрт 2003 онд хийсэн өөрчлөлтийг буцаан “хэвэнд” нь оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь “Кореан эйр”, МИАТ компани суудлын тоогоор орлогоо тэнцүү хувааж авах гэрээтэй байжээ.
Тэгвэл 2003 онд нислэгийн тоогоо тэнцүү хувааж авах өөрчлөлт оруулсан байдаг. Энэ өөрчлөлт Өмнөд Солонгосын авиа компанид тун ч ашигтай туссаныг баримт харуулна. Хамгийн сүүлийн жишээг эш татъя. МИАТ компани Сөүл-Улаанбаатарын хооронд 2016 онд 140 мянга орчим хүн тээвэрлэсэн статистик бий. Тэгвэл “Кореан эйр” 162 мянга орчим зорчигч зөөсөн байна. 22 мянган зорчигчийн зөрүү гарч байгаа биз.
Нислэгийн тийзний дундаж үнээр тооцоход “Кореан эйр” компани МИАТ-ээс 18 сая ам.долларын илүү орлого олсон байгаа юм. Үүнийг өнөөгийн ханшаар тооцвол, 44.2 тэрбум төгрөг болно. Хэрэв хэлэлцээрийн үр дүнд нислэгийн биш, суудлын тоогоор орлогоо тэнцүү хуваадаг, өмнөх гэрээний заалтаа сэргээвэл МИАТ-ийн орлого 20 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх учиртай.
Товчхондоо, орлогын, үндэсний тээвэрлэгч компаниа өөд нь татахын төлөөх хэлэлцээрийг манайхан хийж байна гэсэн үг. “Орлого нэмэгдвэл МИАТ компани ашигтай ажиллана, өрөө хурдан дарна. Цаашлаад тийзнийхээ үнийг хямдруулах боломж ч гарна” гэж эх сурвалж дүгнэж байв.
МИАТ 220 хүний суудалтай “Боинг-767” маркийн хөлгөөр Улаанбаатар-Сөүлийн хооронд нисдэг. “Кореан эйр” нь 276 зорчигчийн суудалтай “Эйрбус-330” хөлгөөр нислэг үйлддэг юм. Ингэхээр тэднийх нэг нислэгээс 56 зорчигч “монждог” гэсэн үг. МИАТ-ийн Солонгосын авиа компанитай өрсөлдөх нэг гарц нь онгоцоо томруулах санж.
Гэвч манайханд ийм боломж байхгүй. Учир нь МИАТ компани зээлээр авсан “Боинг-767” хөлгийнхөө өрийг дөнгөн данган дарж байгаа. Уг хөлгийг авахын тулд гадаадын хоёр банк, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан. Зээлийн дарамтаа дийлэхээ больсон МИАТ-д Хөгжлийн банк саяхан гараа сунгасан гэнэ.
Тус банкныхан МИАТ-ийн ам.долларын зээлийг ханш нь харьцангуй тогтвортой валют болох иенээр сольж, хугацааг нь уртасган, хүүг нь бууруулжээ. Өөрөөр хэлбэл, арилжааны зээлийг нь хөгжлийн гэсэн ангилалтай болгож өөрчилсөн хэрэг. Эх сурвалж “Монгол, Солонгосын агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулж, өмнөх давуу талаа эргүүлэн олж авахаас өөрөөр МИАТ-ийг өөд нь татах гарц одоохондоо байхгүй” гэж ярьж байна.
Монгол, Солонгосын агаарын харилцааны хэлэлцээрийг анх 1992 онд байгуулсан түүхтэй. Тухайн үед Солонгос улс нэг чиглэлд нэг авиа компани нисгэнэ, суудлын тоогоор хоёр тал орлогоо хуваана гэсэн хуультай байжээ. Энэ хуулийн дагуу “Кореан эйр”-тэй манайхан гэрээ хийсэн байна. Солонгосчууд 2003 онд хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж, нэг чиглэлд хэдэн ч авиа компани нисэж болно, орлогоо нислэгийн тоогоор хувааж болно гэж тусгажээ.
Холыг харсан “Кореан эйр”-ийнхэн “Манай хууль шинэчлэгдсэн. Нислэгийн тоог л тэнцүү хуваах өөрчлөлт хийчихээд байна. Суудлын тоо хамаарахгүй болсон” гэж манайхныг ятгаснаар хэлэлцээрт дээрх өөрчлөлтийг хийж, давуу тал олж авчээ. Манайхан тэдний хуулийн фирмийг хөлслөн, агаарын тээврийн харилцааг нь зохицуулах эрх зүйн баримт бичгийг судлуулсан байна. Ингэхэд “Нислэгийн тоогоо тэнцүү хуваана” гэж заавал үүрэгдсэн заалт байхгүй, харин нислэгээ тэнцүү хуваах зарчмаар гэрээ байгуулж болно гэж нээлттэй болгосон зохицуулалт нэмсэн байна гэсэн дүгнэлт ирүүлсэн аж.
Манайхан “Гэрээ байгуулсан үеийн хууль эрх зүйн зохицуулалтаа баримтална. Хожим шинэчилсэн эрх зүйн баримтад нийцүүлж гэрээгээ өөрчлөх ёсгүй” гэсэн үндэслэлийг “Кореан эйр”-ийнхэнд тулгаж буй. Нэг ёсондоо “Та нар биднийг мэхэлж, өөрсдөдөө ашигтай нөхцөл үүсгэсэн” гэж үзэлцээд байгаа хэрэг. Үнэхээр ч тэд хууль өөрчлөгдсөн гэсэн нэрийдлээр манайхныг мунхруулж чаджээ. Тиймээс тэднийг буланд шахах нь буруу биш.
Өмнөд Солонгостой агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаас хойш буюу 25 жилийн хугацаанд нийт 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг аж. Шинэчилсэн заалт бүр нь МИАТ-д ашиггүй, “Кореан эйр”-т өгөөжтэй болсон гэнэ. Өмнөх хэлэлцээрүүдэд манайхан эх орныхоо эрх ашгийн үүднээс биш, ашиг сонирхлын зөрчилтэй оролцсоноос ийм нөхцөл үүссэн нь гарцаагүй.
Бүх өөрчлөлтийг “айл”-ын талд ашигтай хийгээд байхдаа ч яах вэ. МИАТ, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын бүх зардлыг “Кореан эйр”-ийнхэн дааж, улс орондоо амрааж, зугаалуулдаг гэсэн явган яриа тасардаггүй. Агаарын тээврийн салбарын том дарга нарын эмчилгээний зардлыг ч даадаг гэсэн дуулиан Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэгдэж байсан удаатай. Бид тэдний урхинд өөрсдөдөө гүйж ороод, үндэсний компаниа хөлд нь үрээд байдаг юм биш үү гэсэн хардлага төрж байна. Өдгөө хэлэлцээр хийж буй манай ажлын хэсгийн гишүүн, Иргэний нисэхийн ерөнхий газрын том даргын хүүхэд “Кореан эйр”-т ажилладаг нь ч тодорхой болсон гэх.
Манайхан өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр “Кореан эйр”-ийнхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суусан. Мэдээж нислэгийн орлогоо суудлын тоогоор хувааж авах саналаа тэдэнд тавьсан нь ойлгомжтой. Тэд хүлээж авахаас эрс татгалзсан гэнэ лээ. 20 тэрбум төгрөгийн орлогоо МИАТ-д найр тавиад өгчих нь тэдэнд харамсалтай биз. Хэлэлцээрийг нээлттэй орхижээ. Хоёр тал аравдугаар сарын эхээр хэлэлцээрийн ширээний ард дахин сууж, “цусгүй тулаан” хийнэ. Энэ тулаанд ялагдвал МИАТ-ийн байдал дээрдэхгүй. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орно. Шинэ буудал том онгоц хүлээж авах бүрэн боломжтой. “Кореан эйр”-ийнхэн 400 хүний суудалтай “Боинг-777” хөлгөө Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нисгэвэл явах вэ? Орлогын зөрүү улам холдоно гэсэн үг.
Өмнөд Солонгосын “Асиана эйрлайнс” авиа компани хамтарч ажиллах санал манайд тавьсан нь хэлэлцээрийг улам “амттай” болгож байна. Тэднийхийг буланд шахах нэг нөхцөлийг “Асиана эйрлайнс” бүрдүүлсэн нь дамжиггүй. Манайхан “Кореан эйр”-ийг зөвшөөрөхгүй бол тэднийхтэй хамтарч ажиллах магадлал өндөр. “Кореан эйр”-ийнхэн ч монополь тогтоосон зах зээлээ хамгаалахаар тэмцэнэ.
“Асиана эйрлайнс”-ынхан нислэгийн тийзний үнийг хямдруулах, МИАТ-ийн өрийг төлөлцөх гэх мэт чихэнд чимэгтэй санал тавиад буй. “Кореан эйр”-ийнхэн ашигтай зах зээлээ хамгаалж үлдэхийн тулд манайханд “гараа өргөөд” бууж өгч магадгүй л юм.