ОХУ, Иран, БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг чангатгах тухай хуульд гарын үсэг зурсныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг баримт бичгийг уршиг тарих, бас хэд хэдэн заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй гэдгийг мэдэгджээ. Тухайлбал, Абхаз, Өмнөд Осет, Крым, Украины зүүн нутаг, Днестр орчмын бүс нутаг руу хууль бусаар халдан довтолж, булаан эзэлснийг АНУ хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэсгийг тэрбээр онцлов.
“Энэ заалт нь гадаад орны Засгийн газрыг, тухайлбал, нутаг дэвсгэрийн хилийг хүлээн зөвшөөрөх тухай Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн эрхийг няцаахад чиглэсэн” болохыг Цагаан ордны тэргүүн тэмдэглэжээ. Үүний сацуу ОХУ-д авсан хориг арга хэмжээг дангаар цуцлах эрхийг нь Конгрессын шийдвэр үгүй болгосныг Д.Трамп шүүмжилсэн байна.
“Украины мөргөлдөөнийг зохицуулах зорилгоор хуулийн энэ төслөө хэрэгжүүлэхээс татгалзаж, тэрчлэн АНУ-ын үйлдвэрүүд, бидний холбоотнуудад тулгарч болзошгүй, урьдчилан тааварлах аргагүй уршгаас зайлсхийнэ хэмээн Конгресст манай Засгийн газар найдаж байна“ гэж тэрбээр мэдэгджээ.
Америкийн Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргааны үед авсан гурван удаагийн хориг арга хэмжээнд Д.Трампын гарын үсэг зурсан баримт бичиг хуульчлагдлаа. Үүний хүрээнд ОХУ, АНУ-ын Зэвсэгт хүчин, тусгай алба, цэргийн аж үйлдвэрийн цогцолборынхон хамтран ажиллах, тэрчлэн Оросын эрчим хүчний компаниуд Өрнөдөөс зээл авах боломж олгодоггүй.
Хориг арга хэмжээг өргөжүүлсний хариуд ОХУ дахь дипломат төлөөлөгчийн газрууд дахь ажилтнуудын тоог ирэх есдүгээр сарын 1-ний дотор 455 болгох санал тавьсан билээ. Тэрчлэн АНУ-ын ЭСЯ-ыг зуслангийн газар, агуулах эзэмших эрхийг түр хаажээ.
ОХУ-д хориг арга хэмжээ авах тухай хууль баталсныг худалдааны дайн зарласанд тооцож буйгаа тус улсын Ерөнхий сайд Д.Медведев мэдэгджээ. Мөн БНАСАУ-аас тавьсан шаардлагын дагуу ирэх сарын 1-ний дотор тус улсаас гарах үүргийг иргэддээ АНУ-ын Төрийн департамент өгсөн байна.