Дэлхийн баячуудын хэрэглээ гэгддэг Францын алдарт "Louis Vuitton"-ы Улаанбаатар хот дахь салбар өнгөрсөн долдугаар сарын 31-нд тодорхойгүй шалтгаанаар хаалгаа барьжээ. Тус брэнд 1854 оноос хойш 163 жилийн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийд нэртэй дэлгүүр билээ. Дэлхийн 50 гаруй оронд 460 салбар дэлгүүртэй тус брэндийн нэг салбар нь Улаанбаатар хотод, тодруулбал, хотын төвд байрлах "Central Tower"-т байрлаж байв.
Францын нэртэй брэндийн Улаанбаатар хот дахь салбар 2009 оноос хойш Монголд үйл ажиллагаагаа явуулж байлаа. Одоогоос найман жилийн өмнө тус брэнд 440 дэх салбар дэлгүүрээ манай улсад нээсэн билээ. Хэдийгээр 2006-2012 онд дэлхийн хамгийн үнэтэй брэндээр цоллуулж байсан ч сүүлийн жилүүдэд ашиг орлого нь буурч, зарим дэлгүүрээ хааж эхэлсэн юм.
Савхин эдлэлээс эхлээд бэлэн хувцас, гутал, цаг, үнэт гоёл, нарны шил зэрэг тансаг ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг “Louis Vuitton” брэнд нь Францын хамгийн баян хүн болох Бернард Арногийн үүсгэн байгуулсан LVMH группт харьяалагддаг юм. Хамгийн сүүлд тус брэнд ухаалаг цаг үйлдвэрлэж, технологийн ертөнцөд нэвтэрсэн билээ.