Дэлхийн хамгийн олон хүн ам, тээврийн хэрэгсэлтэй Хятад улсад замын түгжрэл жилээс жилд буурч байхад Монголд эсрэгээрээ нэмэгдсээр байна. Өнгөрсөн зун Улаанбаатараас Хөвсгөл орох зам түгжирч байсныг сануулах нь илүүц болов уу. Автомашины түгжрэл Улаанбаатараас хальж, орон нутгийн замд ч үе үе гарах болсон билээ. Хот доторх түгжрэл бол толгойтой болгоны даралтыг ихэсгэдэг. Урд хөршийнхөн зам харилцаагаа сайжруулж, нийтийн тээврээ хөгжүүлснээр түгжрэлийг багасгаж чаджээ.
Тус улсын иргэд хөдөлгөөнд оролцохдоо дүрмийг ягштал биелүүлдэг. Нийтийн тээвэртээ том оврын автобус, таксинаас өөр машин барагтай бол үйлчлүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хулгайн тээвэртэй хатуу тэмцдэг, энэ төрлийн үйлчилгээ явуулбал хүлээлгэх шийтгэл нь өндөр гэх. Ер нь тэнд хол ойрын замд манайх шиг “саарал харх”-аар иргэдэд үйлчилдэггүй. Бас жолооны курст сурсан болгонд хүрд эргүүлэх боломж олгоод байдаггүй. Жолооны шалгалтын ард гарна гэдэг хятадуудын хувьд бэрх даваа.
Түгжрэлийг бууруулсан өөр нэг хүчин зүйл нь цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ. Өмд, цамц, ширхэг оймс, уут сүү, гурил будаа, ногоо юу ч захиалсан хүргээд өгөх компани олон. Тэрбум хол давсан хүн амтай Хятад улс замын түгжрэлийг бууруулахад энэ мэт олон арга хэмжээ авч байна.
Тэгвэл манай нийслэлд дөрвөн улирлын турш автомашин түгжирдэг. Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн орчмыг нийслэлийн “хар цэг” гэж нэрийдэж болохоор. Жилээс жилд энэ орчимд хөдөлгөөн ихэсч, осол нэмэгдэж байна. Хойноосоо зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар буюу Намяанжүгийн гудамж, урд талаасаа “Дүнжингарав” худалдааны төвөөс Нийслэлийн гудамж, зүүнээс “Өгөөмөр” захаас “Нарантуул”, баруунаас Замын цагдаагийн албанаас тус захын уулзвар хүртэлх зам өдөр бүр түгжирч, цагдаа нар ачаалал ихтэй ажилладаг.
Энэ дөрвөн чиглэлийн замд 08.00-11.00 цагт хамгийн их түгжирдэг. Замын ачааллын оргил үе үдээс хойш 16.00 эхэлж 20.00 цагт бага зэрэг сийрэгжинэ. Энд “Нарантуул”-аас гадна “Сандэй”, “Шөнийн зах”, “Дүнжингарав”, “Гутлын зах”, Хятад худалдааны төв гэх мэт үйлчилгээний байгууллага нэг доор оршдог. Үйлчилгээнд ойрыг бодолцож тухайн бүсэд “Аман хуур”, “Эрх чөлөө”, “Ногоон төгөл”, “Хаан”, “Их Монгол”, “Кристал”, “Emerald” зэрэг орон сууцны хороолол барьж, хүн амын төвлөрөл бий болгосон.
Суурьшлын бүс нэмэгдэхийн хэрээр Улаанбаатарын их сургууль, “Улаанбаатар” дээд сургууль, “Улаанбаатар” цогцолбор дунд сургууль, “Гёте”, “Глобал” зэрэг цэцэрлэг, сургууль тухайн бүсэд олширсон. Тиймээс өглөө, оройны түгжрэлд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх гэсэн иргэд түгжирч, тэр хэрээр бухимддаг.
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн орчмоос гарах гэсэн, гэртээ харих иргэдийн урсгал эрс нэмэгддэг. Энэ худалдааны төвийн чиглэлд том оврын автобусаар иргэдэд үйлчилдэггүй. Ная шахам микро автобусаар хөл дүүжилдэг гэх. “Нарантуул”-аас иргэдэд үйлчилж буй хулгайн тээврийн тоо багагүй нэмэгдсэн гэсэн. Бусад тохиолдолд Халдвартын эмнэлэг, XIII хороолол, “Дүнжингарав” зэрэг чиглэлийн автобусаар иргэд “Нарантуул”-ын орчим дөхөж буудаг.
Мөн суудлын тэргээрээ халтуур хийгчид олон, тэд Халдварт, Улаанбаатарын их сургуулийн өмнөх автобусны буудлыг эзэгнэчихсэн “Шархад”, “Долоон буудал”, “Дарь эх”, “Багшийн дээд” гэхчилэн орилж, автобустай уралдан хүн тээвэрлэнэ. Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд суудлын машин хүн буулгаж, суулгахаас өөр үед автобусны буудалд түр болон удаан зогсохыг хориглоно гэж заажээ. Такси үйлчилгээнд явдаг жижиг тэрэгний жолооч нар ч дээрх дүрмийг мөрддөггүй. Гар өргөсөн хүн харуут зам сүлжин хурдалж, автобусны урдуур дайрч ордог. Жижиг тэрэг урдуур нь орж автобусны жолооч огцом тоормослосноос зорчигчид ханарч унах гэх мэт наад захын эрсдэл дагуулдаг. Улмаар өмнөх тэрэгтэйгээ мөргөлдөж, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдол ч бий.
“Нарантуул”-ын чиглэлд өдөрт 14 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх тоо байна. 2005 онд энэ замд огт түгжирдэггүй байж. Харин 2010 оноос эхэлсэн түгжрэл 2016 онд нэмэгдэж, өнөөдрийн хэмжээнд хүрчээ. Осол гарахад явган зорчигчийн буруутай үйлдэл багагүй жин эзэлнэ. Тэд гарцгүй газраар гүйж, хашлага даван зам дээгүүр харайдаг. Зарим тохиолдолд машины өмнүүр гүйж зориудаар шүргүүлчихээд хэдэн төгрөг салгачих санаатай хэвтчихдэг зальжин нөхөд ч цөөнгүй. Ийм хүмүүсээс болж хөдөлгөөн түгжрэх нь бий.
Түүнчлэн “Тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг шалгахгүй, ид ачааллын үеэр машиныхаа ослын дохиог асааж, бодит бус ачаалал үүсгэдэг жолооч ч байдаг” гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтэн хэлсэн юм. Хамгийн гол нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын соёлгүй байдал нь авто осол нэмэгдэхэд нөлөөлдөг аж.
Угаасаа нийслэлийн “хар цэг” гэх нэршилтэй болсон энэ газарт жолооч нар машин хоорондын зайгаа барьдаггүй, давчуу зайд бие биенийхээ урдуур орох гэж уралдан би, чи гэж зүхэж, зүтгэсээр мөргөлдчихдөг. Ингээд эцсийн дүнд нь осол гарч, хэн нэг нь эрүүл мэндээрээ хохирч, хоёулаа эдийн засгийн хувьд алдагдал хүлээх төдийгүй хөдөлгөөнд оролцогчдыг түгжиж бухимдуулдаг. Түүнчлэн “Дүнжингарав” худалдааны төвөөс урагш төмөр замын гарам байгаа нь түгжрэлд нөлөөлдөг.
Галт тэрэг хотоос гарах, ирэх цагуудад гарамд хаалт тавьдаг нь машины уртаас урт дараалал, хүлээлт үүсгэн түгжирдэг. Тиймээс нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун уулзвар, төмөр замын гарам дээгүүр гүүрэн гарц барихаар төсөл боловсруулжээ.
Төмөр замын гармын дээгүүрх гүүрэн гарц “Нарны” гүүртэй зэрэгцээ байрлалтай байх бөгөөд “Нарантуул”-ын урд уулзварын ачаалал эрс багасгах аж. Үүнээс гадна Энхтайваны гүүрний ачаалал буурч, бүр хотын төвийн түгжрэл буурна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас үзэж буй.
Хоёр урсгал бүхий 17.2 метр гүүрийг хорооллуудтай холбосон нэг километр зам нэмж барих гэнэ. Явган хүний гүүрийг хамтад нь барих аж. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Нарантуул”-тай хөрш хороодыг дахин төлөвлөхөөр болж байгаа гэсэн. Ингэхдээ гудамж, зам тээврийн сүлжээг инженерийн шугам сүлжээтэй нягт уялдуулж, бүх төрлийн үйлчилгээ, хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн байна. Гэхдээ цаашид хүн амын механик өсөлт, суурьшлыг нэмэхгүй байхаар тооцжээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн замд 24 цагаар хяналт тавьдаг. “Нарантуул” худалдааны төвийн орчимд хөдөлгөөний ачаалал ихтэй бөгөөд тэр болгоныг камераар харж, мэдээлэл өгдөг. Эндэхийн худалдааны төвүүд 20.00 гэхэд хаалгаа барьдаг. Энэ цагаас өмнө амжиж худалдаа хийх гэсэн иргэдийн цуваатай зэрэгцэн тухайн бүсэд хүүхдээ сургадаг эцэг, эхчүүдийн сургууль руу чиглэсэн маршрут, гэртээ харих иргэд замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэж түгжрэл үүсгэдгийг дээр дурдсан.
Худалдааны төвүүд рүү зорчих автобус, тэр дундаа “Нарантуул” чиглэлд зорчих автобустай болчихвол түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж мэргэжилтнүүд үзэж буй. Хөгжингүй орнуудад хүн ам олноор төвлөрсөн, замын түгжрэл ихтэй хорооллуудад нүхэн гарц барьдаг. Мөн замын өмнө, хойно байрлах худалдааны төвүүдээ гүүрээр холбочихдог. Эвсэл хүн ам ихээр цуглардаг худалдааны төвүүдийн чиглэлд үнэгүй автобусаар үйлчилдэг.
Жишээ нь, ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод худалдааны гудамжны эхлэлээс төгсгөл хүртэл угсраа автобус иргэдэд үнэгүй үйлчилдэг юм билээ. Манай инженерүүдийн хийсэн, одоо нийтийн тээвэрт үйлчилж буй угсраа автобусаар “Нарантуул” чиглэлд үйлчлүүлэхээр төлөвлөлт хийхэд болохгүй гэх зүйлгүй.
Ер нь, “Хархорин” захаас “Нарантуул”, “Барс”-аас Дэнжийн мянгын зах хооронд шинэ чиглэл нэмж, үнэгүй биш юм аа гэхэд ухаалаг картын нэр төрлөө нэмээд хөнгөлөлтэй зорчих карт гаргаж болохгүй гэж үү. Дээр дурдсанчлан Хөх хотын худалдааны гудамжинд үнэгүй автобусаар зорчиж болохоос гадна эдгээр гудамжинд 10 орчим нүхэн гарц, гүүр бий. Худалдан авагчид замын урдах дэлгүүрээс хойдох руу нь орохдоо зам хөндлөн гарах шаардлагагүй.
Манай улс зам, талбайгаа бүгдийг нь өргөтгөж, шинэчлээд гүүр, нүхэн гарц барьчих боломжгүйгээс хойш “Нарантуул” зэрэг томоохон худалдааны төвүүд орох автобусны чиглэлийг нэмж, дээрээс нь цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлчихвэл түгжирч бухимдахгүй, бухимдлаасаа болж хажуу хавирганы зорчигчтой ам мурийхгүй тайван зорчих боломж бүрдэнэ. Гэртээ сууж байгаад хэрэгтэй бараагаа сонгон, хүргүүлчиж болно.
Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Нийслэлд гарч буй авто замын түгжрэлийн эх үүсвэр, гол шалтгаан нь хотын доторх худалдааны төвүүд рүү орж, гарах авто машины урсгал хөдөлгөөнөөс үүсдэг. Мөн жолооч нарын харилцааны соёл осол гарахад нөлөөлдөг” гэж хэлснээс харахад нийслэлчүүд бид цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээг зайлшгүй нэвтрүүлэх хэрэгтэй гэж санагдаад байна.