Гурван морины зөөх ачааг ганцаараа чирч, ийн ажиллаж буйгаа “Нийтийн сайн сайхны төлөө” хэмээн боддог Боксёрыг ядаргаанд ороод, хөдлөх ч тэнхэлгүй хэвтэж байхад удирдлагууд нь махны худалдаачинд “тушаачихдаг” тухай Жорж Орвеллын “Амьтны фирм”-д гардаг. Удирдлагууд гэдэг нь Боксёр нарын дэмжлэгээр хүмүүсийг хөөж явуулаад, хувьдаа фирмтэй болсон Наполеон нэртэй гахай тэргүүтэн.
Салхин тээрэм барихад Боксёр хэмээх морь болон хэсэг амьтан хамгийн хүнд, хүчир ажлыг нугална. Газар тариалангийн ажлын хэцүүг ч тэд хийдэг. Харин гахайнууд сүү, алим зэрэг амттай, шимтэй бүхнийг өөрсдөө идэж уугаад, элдэв дүрэм, журам гаргаж суухаас өөр ажилгүй. Харин ачааны хүндийг үүрдэг амьтад тэдний хаягдлыг идэж, гол зогооно. Манай онцгой байдлын албаныхан яг ийм байдлаар “аж төрөөд” удлаа.
Манай улсад жилд дунджаар 3500 гаруй аюулт үзэгдэл тохиолддог гэх статистик бий. Байгалийн гамшигт үзэгдлээс авахуулаад аюул тохиолдох бүрт аврагчид л голомтод нь хүрч ажилладаг. Жил дунджаар 800 гаруй хүнийг үхлээс “булааж”, 10 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг нь хамгаалдаг юм билээ, тэд. Сүүлийн арван жилд онцгой байдлын 30 гаруй залуу албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэх харамсалтай баримт байна. Өдгөө ажиллаж буй аврагчид ч хэзээ бэртэж, гэмтэх нь тодорхойгүй, эрсдэлтэй нөхцөлд буй.
Өнгөрсөн зургадугаар сарын 20-доор Сэлэнгэ, Төв, Булган, Хэнтий зэрэг аймагт дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар онцгойгийнхон унтах нойроо умартан сар орчим тэмцсэн. Гэхдээ зөвхөн аврагч, гал сөнөөгчид. Харин дарга нар нь наадмын дараа л түймэр унтраагүй байгааг мэдэж, гэнэт сэхээ орсон гэхэд гүтгэсэн болохгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар түймрийн голомтод ажиллаж, Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай хуралдаж байхад ОБЕГ-ын дарга ээлжийн амралтаа авсан, гадаадад эмчилгээнд явсан гэх мэт өөр өөр шалтгаан орлогч нар нь ярьж байсан гэдэг.
Өнөөдөр ч уулнаас уул дамжин дүрэлзэх галыг цурманд оруулж, түүнийгээ манаж буй алба хаагч цөөнгүй бий. Түймрийн голомтод сар гаруй ажиллаж байгаа тэд өдгөө Боксёр шиг ядаргаанд орж, элдэв өвчинд нэрвэгдсэн ч байж мэднэ. Тэглээ гээд гомдоллож, зовлон тоочих нь тун ховор.
Өнгөрсөн долдугаар сарын 17-20-нд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийнхэн Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгийн Мандал сумын Түнхэл тосгонд очиж, гал унтрааж буй алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үзүүлсэн юм. Дээрх газруудад 291 алба хаагч үүрэг гүйцэтгэж байв. Үзлэгээр алба хаагчдын 11-ийнх нь бие дээр идээт үрэвсэл буюу хатиг гарсан байжээ.
Тэдний нэгийг Батсүмбэр сумын эмнэлэгт хэвтүүлсэн аж. Дархлаа суларч, ядаргаанд орсноор хүний бие дээр идээт үрэвсэл гардаг. Хатиг олон удаа, ойр ойрхон гарах үед дутуу эмчлүүлбэл цусны өвчин тусах эрсдэлтэй гэдгийг эмч нар хэлэв. Мөн олон албан хаагчийн хөлийн хумс нь махандаа шигдэж, дотор эрхтний үйл ажиллагаанд нь өөрчлөлт орсон байжээ. Эмч нарын баг тэдэнд анхны шатны тусламж үзүүлэн, мэс ажилбар хийсэн байна.
Тэгвэл Батсүмбэр сумын эмнэлгийнхэн онцгой байдлын алба хаагчдын олонхынх нь хөл холгогдон, яршсан байсныг хэлэв. Мөн даралт нь ихсэж, амьсгалын дээд зам буюу хамар, хоолой нь үрэвссэн ч тоолгүй ажилласаар байсныг онцолсон. Тус эмнэлгийнхэн “Алба хаагчдын олонх нь астаматай мэт бөгшүүлэн ханиалгаж байсан. Байдлыг ажиглахад хууч өвчин шиг санагдсан. Ханиалгаад удаж буйгаа зарим нь хэлсэн.
Тэгэхээр ажлын онцлогоос шалтгаалсан өвчин байж магадгүй гэж таамаглаж байгаа. Дээрээс нь түймрийн голомтод олон хоног байснаас тэгсэн үү, бараг л бүгдээрээ хамар, хоолойн үрэвсэлтэй байсан. Хөнгөн хэлбэрийн угаарталттай байсан нь мэдээж. Цаашид алба хаагчдынхаа хувцас, хэрэглэлийг сайжруулмаар юм билээ” хэмээн ярив.
Засвар хийж буй газарт хэсэгхэн зуур байхад толгой өвдөж, дотор муухайрдаг. Энэ үед хордлого тайлах эмчилгээ хийлгэж, ядаж л сүү, тараг уухыг эмч нар зөвлөдөг. Тэгвэл байгалийн гамшиг, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюулт үзэгдэлтэй тэмцдэг алба хаагчид эрүүл мэндээ хэрхэн хамгаалдгийг сонирхлоо. Ямар ч арга хэмжээ авдаггүй гэнэ. “Хааяа толгой эргэж, дотор муухайрдаг. Тэглээ гээд яах вэ дээ. Бид жилд хоёр удаа Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг.
Ганц, хоёр үрэвсэл илэрдэг л юм. Бичиж өгсөн эмийг нь уухаа мартчихдаг. Түүнээс өөрөөр эрүүл мэндийн үзлэгт бараг л ордоггүй” гэж цөөнгүй алба хаагч хэллээ. Уг нь “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ОБЕГ дэргэдээ албан хаагчдаа эмчлэх, сэргээн засах сувилалтай болсон. Нээлтийн туузыг хайчлахдаа удирдлагууд нь “60 ортой “Жаргалант” сувилалд алба хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд, иргэд эмчлүүлэх боломжтой. Алба хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулах боломж нээгдэж байгаад баяртай байна” гэж байлаа.
Гэвч өнгөрсөн хугацаанд тус сувиллаар онцгойгийн алба хаагчдаас илүү иргэд үйлчлүүлсэн бололтой. Нэг хоногийн 60.000 төгрөг тушаагаад, хүссэн болгон нь тэнд хэвтэх боломжтой юм байна. Тийм учраас удирдлагууд нь гаднын хүмүүсийг “хэвтүүлэх” сонирхолтой байдаг аж. Яг л дээрх зохиолын Наполеон тэргүүтэн тариагаа хурааж, хүмүүст худалдаад, амьтдыг өлсгөдөгтэй ижил явдал байгаа биз.
“Бид тэнд хоногийн 30.000 төгрөг төлж хэвтдэг. Гэхдээ цалин тийм ч хүрэлцээтэй биш учраас тэр бүр хэвтэж чаддаггүй. Юу болсон юм бүү мэд, түймрийн голомтод ажилласан зарим алба хаагчдыг хэд хоногийн өмнө хэвтүүлсэн гэж сонссон. 60 гаруй хүнийг хоёр ээлжээр хэвтүүлнэ гэнэ лээ. Сэтгэлзүй, сэргээн засах эмчилгээ хийх юм гэсэн” гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлсэн юм.
Монголчуудын цалингийн дундаж хэмжээ 800.000 төгрөг хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Тэгвэл гал сөнөөгч, аврагчид сард дунджаар 500-650 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Цол, ажилласан жил, онцгой нөхцөл зэргээс хамаараад урамшуулал нэмэгддэг ч тэдний ажилладаг нөхцөлтэй харьцуулахад дэндүү багадна.
Өмнө нь Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу нэг хоногийн томилолтыг 87.000 төгрөгөөр тооцдог байсан бол өдгөө 49.500 болгож бууруулаад буй. Мөн хувцас, хэрэглэл нь чанаргүй. Өнгөрсөн сард гарсан түймрийн үеэр олон алба хаагчийн гутлын ул салж унасан гэсэн. Тиймээс ОБЕГ-т чанаргүй хувцас тойрсон хэл ам гараад буй тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Учир нь, үүнээс болж алба хаагчдын хөлийн хумс шигдэж, холгуулахаас авахуулаад зөөлөн эд нь гэмтдэг аж.
Дайнд цэргүүд үхэж, гавьяаг нь генералууд хүртдэг гэдэг дээ. Үүний адилаар аврагчид эх орноо хамгаалж, дарга нар бахархалтай нь аргагүй зурагтаар гарч, цол нэмж байна. Алба хаагчид жилийн турш нормын ганц гутлаа жийж байхад ОБЕГ-ын дарга нь гурван машин ээлжлэн унаж байх жишээтэй. Эх орныхоо төлөө амиа золиослохоос буцахгүй алба хаагчдынхаа эрүүл мэндийг үл хайхарч буй нь энгийн үзэгдэл биш байлтай.