Адуугаа тууж айсуй өвөөгийн минь бараа тэртээ холоос сүүмэлзэн харагдана. “Их ус гаталж ирэх нь дээ” хэмээн боддог байсан минь зэрэглээг нуур хэмээн эндүүрснийх. Хомын талын зэрэглээ гэж манхны оройд нар туссанаас эхлэн хараа хүрэхгүй газар намс намс хийн жирэлздэг элдэвтэй зүйл. Бэлчиж яваа тугалнууд дэнхийсэн том тэмээ мэт үзэгддэг сэн. Хомын талд ундаассан хүн зэрэглээнд хууртах нь элбэг.
Зуны амралтаараа өвөөгийндөө ирэхэд ганц цагаан гэр цэнхэр усны мандалд бөмбийн цайж харагддаг байж билээ. Аргалд яваа буурай ээжийгээ дагаж, Хомын талаас бутарсан цагаан аргал, шар шавагхан түүж ахуйдаа солонго барина гэж боддог шигээ зэрэглээн дунд зогсмоор санагдаж, тэрүүхэнд мяралзах зэрэглээг хөөн гүйдэг сэн. Гэхдээ энэ шаргал талд яваа цагт үргэлж л зэрэглээн дунд зэрэглээ болон жирэлздэг юм.
Хонин гүрвэлийн мөрөөр гоёсон Хомын талын элсийг тэнд төрсөн хүн л сэтгэл зүрхээрээ мэдэрдэг билээ. Тэгээд тэр их элсэн дээгүүр урссан Завхан голыг, ай даа мөн ч сайхан даа. “Завхан гол” дууг аав минь цангинатал дуулж эхлээд дунд хэсгээсээ хоолой нь зангирч аажуухан чимээгүй болдог сон. Тэгэх бүрт нутгаа санасан сэтгэл минь хөдөлж, буруу харан нулимсаа арчдаг юм. Нутаг усны хүмүүс ирэхээр энэ дууг ёс юм шиг дуулна. Манайх нутгаасаа гараад 20 шахам жил болжээ. Гэхдээ элгэн садан ах дүүс, адуу мал минь тэнд байгаа болохоор төрсөн нутагтаа ирж, очсоор явна.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хандын эрэг хэмээх газар сумын эмнэлэгт мэндэлжээ, би. Хомын талын торго шиг зөөлөн элсэн дээр тонгочиж хөлд орсон болохоор энэ л нутгийг үгүйлэн санадаг. Намайг хоёр ойтой байхад манайх ээжийн нутаг Говь-Алтай аймгийн Дарви сум руу нүүжээ. Тэгээд тэндээ гурав, дөрвөн жил болоод Ховд аймаг руу шилжив. Надаас хүмүүс аль нутгийнх вэ гэж асуухад нь би “Баруун таван аймгийнх аа” хэмээн тоглоом шоглоом болгон хариулдаг юм. Дөрвөлжин сумын зөөлөн шаргал элсэн дээр мөлхөн хөлд орж, тооноор харагдах Дарвийн хад асгат уулыг харж, чулуунд нь бүдрэн явдаг байсан тэр газар хэлд орж, Ховдын хязгаарын тарвасыг амтлан “Баатархайрхан” багийн баруун гудамжаар сургуулийн зүг алхдаг байсан тэр нутгаас эрдмийн их аянд мордсон ч төрсөн нутаг минь л амьдралыг анх нээсэн, хүй цөглөсөн газар билээ.
Манайх Буурал хэмээх газар өнтэй сайхан өвөлжөөд, хаваржаандаа буухаар Цагаан шороот руу нүүж байтал эмнэлгийн машин ирээд ээжийг минь аваад явжээ. Есөн настай дунд эгч маань уйлаад хоцорсон гэдэг.
Авга ах Нацагдоржийнх дөрвөн хүүтэй. Охин хүүхдийн хүсэл болсон хүмүүс байсан тул охин гарвал манайд өгөөч гэж аав, ээжээс минь гуйж л дээ. Манайх хоёр охин, нэг хүүтэй байсан болохоор зөвшөөрөх аяджээ. Гэтэл долоон настай ах минь “Хэрвээ эрэгтэй хүүхэд гарвал өгөхгүй, охин төрвөл аваарай” хэмээн том толгойлсон аж. Аав, ээж болоод авга ахынхан ч саналыг нь дуртайяа хүлээж авсан гэдэг юм. Намайг эхээс мэндлэх хүртэл эхнэр нь “Охин төрвөл чи яг өгнө биз” хэмээн ахаас дахин дахин асуудаг байсан гэнэ. Ингээд л тэр хавар би олон тааврын хариулт болж мэндэлжээ. Эмэгтэй хүүхэд гарсныг сонсоод эхнэр, нөхөр хоёр ээжийг сумын төвөөс ирэнгүүт манайхаар бууж. Ах маань өлгийтэй жаахан, улаан дүүгээ харж харж “Үгүй, би дүүгээ өгөхгүй” гээд орны урдуур хашиж зогсоод уйлж гарчээ. Ингээд л би ахынхаа ачаар гэртээ үлдсэн юм гэсэн. Хэдийгээр төрсөн нутгаасаа хоёрхон настайдаа гарсан ч том болж, сургуульд орсон цагаасаа зуныхаа амралтаар Хомын тал, Завхан голоо олон зорьсон доо.
Ээжийг аваад явчихлаа гэж эгч минь эмнэлгийн машин руу шороо цацсаныг сонсоод одоо ч инээд хүрдэг юм. Угаас манай нутгийнхан их шартай нь есхөн настай эгчээс минь хүртэл илэрчээ. Анх уулзсан хүнд онгироо, хөөрүү мэт санагдах ч цайлган сэтгэлтэй, найрсаг зочломтгой зон. Холын гийчинг заавал хооллож ундлаад явуулна. Цай, хоолных нь аяганы томыг яана. Жижиг аяганд хүнд юм хийж өгдөггүй заншилтай.
Манай хоймрын жаазанд нэг морины зураг их л хүндлэгдэн байдаг байв. Нутгийн алдарт хурдан хүлэг, Туяагийн Халиун гэдгийг сүүлд нь мэдсэн юм. Хамгийн анхны даншиг наадам манай сумын Сархайрхан уулаар овоглож болжээ. Тэр даншигт 1995 онд түрүүлэн алдарт Халиун морь уяач эзэн, унаач хүүхэд, уугуул нутгаа улсад таниулсан аж. Мөн манай сум төл малаараа улсад хоёр удаа тэргүүлж “ЗиЛ-130” машинаар шагнуулж байсан гэдэг шүү. Энэнээс өөр нутаг усныхаа гавьяа, шагналыг мэдэх нь даанч ховор юм даа, надад.
Ээж минь Алтай нутгийн хүн. Дарвийн нуруунд бороо орохоороо хэдэн өдөр шаагьдаг гэх. Хонинд явахдаа бороонд шалба норчихоод Хөхморьтын нар ойсон шаргал элсийг харуулдан, ийм газар очиж амьдрах юмсан хэмээн боддог байсан тухайгаа ярьдаг байв. Тэр бодол нь ч биелж цаахна талд нь байх Хомын шаргал талын бэр болсон юм. Шинэ нутагт ирээд удаагүй байхдаа Хомын талд өдөр аргалд явж байгаад л гэрээсээ төөрчихдөг байж. Ямар сайндаа хадам ах нь баримжаалж яваг гээд манхны оройд төмөр босгосон гэж байгаа. Эмээ минь үдэш унтахаасаа өмнө төөрсөн хүн ирэх байлгүй гээд гадаа түүдэг асааж хонодог байж билээ.
Зундаа 30-35 градус хүртэл халдаг нутгийн минь элсэн дээр хэр баргийн хүн хөл нүцгэн явж чадахгүй ээ. Харин нутгийн хүүхдүүд бид эвэршсэн сайртай хөлөөрөө ажиг ч үгүй алхдаг юм. Бяруу, тугалын хойноос гуталтай гүйхэд элсэнд шигдээд хамаг хөлс, хүчийг минь барна. Тэгснээс хөл нүцгэн таваргах нь хамаагүй хурдан.
Сургуульд байхдаа бүтэн сайн өдөр болгоны орой түмпэнд усанд ороход л хамгийн дургүй байж билээ. Харин хичээл амрангуут, наранд халж, түмпэнтэй уснаас ч илүү бүлээхэн болсон, зөөлөн элстэй Завхан голдоо ирээд загас шиг хайрстай болтлоо усанд орно доо. Өдөржин Завхан голынхоо усанд хэвтчихээд жаахан сэрүү орохоор нарны элч шингэсэн дулаахан элсээр нь биеэ хучиж, ээжийнхээ энгэрт тэврүүлдэг шигээ л эрхэлдэг юм. Энэ голоосоо тэмээгээр ус зөөнө, эмээтэйгээ хамт 40-ийн хоёр бидоноо тэгнэж аваад тэшүүлж өгнө. Тэмээ босоход л даваад уначихдаг охин байлаа.
Цэцэгтэй ногоон алчуураар толгойгоо жимбийтэл боон гоёдог эмээ, бид хоёрт олон дурсамж бий. Араг, савар бариулж сургасан, аяга, таваг угаахыг заасан, адуу малын дөртэй болгосон, тааран уут ч мэддэггүй надад тэр бүхнийг таниулахаас эхлээд тэмээ тэгнэхийг сургасан малчин эмээтэй билээ, би. Зуны зунд эмээ минь уналганы номхон тэмээд шигээ алсыг ширтэн намайг хүлээдэг байсан биз. Амралтаараа өвөө, эмээгийндээ очиж гар хурууных нь үзүүрт зарагдах л жаргал байж дээ. Надаар ажил хийлгэчихээд эмээ зүгээр байхгүй ээ, хоймрын том хүрэн авдарнаасаа чихэр гаргаж сарвайна. Нэг ёсны шовгор юм уу даа. Би тэр чихрийг нь дуусахгүй мэт л санадаг байж дээ. Гэтэл чихэр нь биш эмээ минь түрүүлээд дуусчихсан юм. Хоёр хацрыг минь алгаа дүүргэн барьж үнсдэг эмээ, өвөө минь одоо байхгүй гэж бодохоор цаанаа л нэг хоосон. Хүй цөглөсөн нутаг гэдэг хүн болгосон бурхад байдаг диваажин билээ.
Манай нутагт суль, сулхир гэж үр шимтэй ургамал ургадаг. Наадам өнгөрөнгүүт нутгийн хүмүүс отор, хадланд явдаг шигээ л майхан, тогоо, хоол ундаа базаан суль түүхээр явна. Хоолны махаа давстай хуурч, саванд хий оруулалгүй дарж жуузлана. Ээж маань нэг зун авга ах Алтангэрэлтэй хамт суль түүхээр явсан юм. Суль гэж харахад дэрстэй адилхан ургамал. Толгой хэсгийг нь тасдаж аваад берзинтэн дээр дэлгэж хатаана. Дараа нь унгас савдаг шиг саваагаар нүдэж саванг нь унагаадаг юм. Орой жаахан сэвэлзүүр салхинд өнөөх бутарсан сулиа гарынхаа салаагаар дээш өргөж асгахаар хатсан хальс нь салхинд хийсээд, үзүүртэй нарийхан хар суль ялгарч үлддэг билээ. Тэгээд тээрэмдэнэ, ажил ихтэй. Хуурч болгосон сулийг цайнд хийж уухад хамаг хөлс гарч ядаргааг бол нам дардаг эд. Сулхир нь бүр их ажилтайн дээр ашиг тус нь ч тэр хэмжээний. Шээс задгайрах өвчинд нэг халбага сулхирын гурилыг шар тосонд багсарч өдөрт гурван удаа долоож хэрэглэдэг гэдэг юм. Мөн чихрийн шижин, элэг цөсний өвчинд их сайн гэнэ лээ.
Аль ч нутагт тухайн газрынхаа онцлог болсон өвс, ногоо, амьтан, хорхой шавьж байдаг даа. Манай нутагт дэлэнч, хөхтүрүү гэж айхавтар хоёр ялаа бий. Дэлэнч нь нүдэнд өртхийн аргагүй жижигхэн, тэгсэн хэрнээ цус гартал хазна гээч. Үхэр, тугалынхаа чихийг арчаад үзэхээр гар битүү улаан болохыг яана. Дэлэнч бас гайгүй, хөхтүрүүтэй бол бүр ярих ч юм биш. Гурван ялааны дайтай том. Ээ дээ тэрний өвчин орж, хавдаж улайтал хатгахыг тэсвэрлэхэд бэрх. Хөдөө явна гэж сэтгэл хөөрдөг ч энэ хоёрыг бодохоор халширдаг юм. Жийгалдай гэж эвэртэй, муухай дуутай том хар хорхой бас бий. Дэрсний оройд наалдчихна, шөнө гэрт ороод ирэх вий гэхээс айгаад унтаж чаддаггүй байсан ч нэг л мэдэхэд нойрондоо дарагдаж, өглөө үхэр тугалын дуунаар сэрдэг сэн.
Манай нутаг бод малын орон, аав минь адуучин. Морины нуруун дээр салхи татуулан адуугаа хурааж, алдсанаа эрж явах л жаргал нь гэлтэй. Дээхнэ үед манайх арваад үнээ саадаг. Хоёр эгч минь өглөөд ээлжлэн босож үнээ эвэлгэхдээ бяруу, тугалаа хүчрэхгүй хөл дээрээ гишгүүлж, угз татуулан унаж тусаж тэрүүхэндээ л зүдэрдэг байж. Нэг өглөө дунд эгч маань “Эднийх шиг гуравхан үхэртэй ч болоосой” хэмээн саахалт айлыг харуулдан зогссон гэдэг. Ёстой л амаар нь болж 2002 оны зуднаар хэдхэн үхэртэй үлдсэн гэж ээж минь ярьдаг юм. Хөөрхий эгчийн минь буруу ч гэж юу байх вэ, гуравдугаар ангийн жаахан хүүхдийн л бодол. Харин тэр өвлийн зуд бол ёстой дурсаж ярихын аргагүй аюултай болсон гэдэг. Гэхдээ нутаг ус минь ээлтэй тулдаа одоо урьдных шигээ хорь гаруй үхэр, гурван азарга адуутай болсоон манайх. Алс хязгаарын Ховд аймагт оршин суудаг ч 250 гаруй километр явж хүрдэг Дөрвөлжин сум руугаа сардаа нэг ухас хийж адуу малаа эргэж тойрдог юм. Нэг хэсэг Ховд аймагт зундаа есөн цагаан гүү барьж, айраг, саамаа борлуулдаг байлаа. Мал хүртэл нутгаасаа гарахаар өнгө зүс алдаж, зөөлөн элсэн дээр хөрвөөж, шогшиж байдаг унага, даага маань улдаад сүйд болсон юм даг. Азарга шөнөдөө гүүгээ хураагаад нутгийнхаа зүг явчихна.
Аав өөр аймаг, суманд амьдарч буй ч цаг агаарын мэдээгээр нутгийнхаа тэнгэр хангай ямар байхыг заавал сонсоно. Нас ахих тусмаа л нутаг буцъя гэж хэлэх нь олшироод байх болсон. Зориод очиход тосоод үнсэх ижий, аав нь байхгүй гэж бодохоор нутаг руугаа зүглэхээс сэтгэл нь эмтэрдэг ч байж магадгүй. Гэхдээ бурхны таалалд нийцээд буцаж ирэлгүйгээр явчихсан өвөө, эмээ минь замба тивд үлдсэн үрсийнхээ замын чулууг нь түүж суудаг ч юм бил үү хэн мэдлээ. Ай даа төрсөн нутаг гэдэг хэвлийдээ гарсан унага нь хүртэл тэр зүг рүү янцгаадаг зүрхний уяа, эцэг өвгөдийн сүнс үр хүүхдийнхээ төлөө сайн сайхныг шившин суудаг бурхдын орон ажгуу.