Хөрөнгийн зах зээлийг зохицуулах шаардлагатай, эрх зүйн нэгэн шинэ баримт бичиг гаргалаа. Монголын хөрөнгийн биржийнхний санал болгосноор Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчийн бүртгүүлсэн арилжаа эрхлэх байгууллагын түр жагсаалт болон Монгол Улсын хадгаламжийн бичгийн суурь үнэт цаасны бүртгэл бүхий харьяалах улсын түр жагсаалтыг баталсан юм.
Ингэснээр үүнд багтсан, дэлхийн нэр хүндтэй 26 биржид хувьцаагаа арилжиж буй компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх боломж олгов. Өөрөөр хэлбэл, Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж буй компани хүсвэл Монголын хөрөнгийн биржид ч үнэт цаасаа борлуулж болох юм.
Тоочвол, Австралийн үнэт цаасны бирж, Торонтогийн венчур бирж, Вена, Нью-Йорк, Насдак, Брюссель, Солонгос, Хонконг, Франкфурт, Амстердам, Копенгаген, Тель-Авив, Ирланд, Мадрид, Итали, Лондон, Шинэ Зеланд, Стокгольм, Швейцарь, Торонто, Осло, Лисабон, Сингапур, Хельсинк, Парис, Токиогийн хөрөнгийн биржийн компаниуд манай зах зээлд орж ирэх үүд нээгдэв.
Лондон, Торонто, Хонконг, Австрали, Сингапурын гэсэн таван том биржид Монголд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй компани бүртгүүлсэн. 37 гэсэн тоо яригддаг ч энэ нь албан бус мэдээлэл юм. Дээрх таван биржид хувьцаагаа арилжиж буй манай оронд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг “онилсон” гэдгээ Монголын хөрөнгийн биржийнхэн дуулгав. Олон бирж жагсаалтад багтаасан нь алсыг харсан алхам гэдэг нь ойлгомжтой.
Тэнд бүртгэлтэй компаниуд Монголын зах зээлийг сонирхох цаг ирэх ч юм бил үү, ирээдүйг тааварлашгүй. Хөрөнгийн биржийнхний “овоо хараа”-нд туссан “Aspire mining”, “Centerra gold”, “Entree gold”, “Erdene resources”, “Turquoise hill”, “Mongolia energy corporation”, “Petro matad”, “Prophecy resource corporation”, “South gobi energy resources”, “Altan rio minerals”, “Mongolian mining corporation”, “Haranga resource”, “Xanadu mines”, “Kincora copper” зэрэг компанийг дурдаж болно. Эдгээрийн нэр аль хэдийнэ монголчуудад танил болсон гэхэд хилсдэхгүй.
Санхүүгийн зохицуулах хорооноос 26 биржид хувьцаагаа арилжиж буй компаниудыг Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхийг зөвшөөрсөн нь нэг хэрэг. Харин хөрөнгө оруулагч олонтой, хөрвөх чадвар сайтай том биржүүдийг сонгож, хувьцаагаа гаргасан тэд Монголын жижиг зах зээлийг сонирхох, эсэх нь өөр хэрэг.
Эдийн засаг жижиг, зах зээлийн багтаамж хумигдмал байгаа өнөө үед Монгол Улс тэдний сонирхлыг нь татахгүй байх магадлал өндөр. “Энэ онд багтаагаад нэг компанийг давхар бүртгэх зорилт тавьсан” гэж Монголын хөрөнгийн биржийнхэн ярьж байна. Хувьцааны давхар бүртгэл хийх нь Монголын хөрөнгийн зах зээлд нэн шинэ үзэгдэл.
Тиймээс “туршилтын туулай” болох компани мөд олдох болов уу. Компани давхар бүртгэл хийлгэхийн тулд санхүү, эрх зүйн аудит хийлгэх гэх мэт Монголын хөрөнгийн биржийн шалгуурыг давах учиртай. Ингэхдээ хугацаа зарцуулж, тодорхой хэмжээний зардал гаргах нь дамжиггүй. Мөн хоёр биржид санхүүгийн тайлан, гэрээ хэлцлийн мэдээллээ өгдөг болно. Олон улсын нэр хүндтэй биржүүдийн шалгуурыг хангаж сурсан компаниудад энэ тийм их ачаалал болохгүй болов уу.
УИХ Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 оны тавдугаар сарын 24-нд баталсан. Ингэснээр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцааг гадаадад давхар бүртгэх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааг дотоодод бүртгэх боломж ч бий болсон юм.
Монголын хөрөнгийн биржийнхэн давхар бүртгэлийн эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох санаачилга гаргахаар төлөвлөжээ. Тэднийхээс жагсаалтад багтсан хөрөнгийн биржид бүртгэлтэй аль нэг компаниас хувьцаагаа давхар бүртгүүлэх санал гарвал ямар ч шалгуургүйгээр хүлээн авдаг байхаар журмаа өөрчлөх гэнэ.
Мэдээжийн хэрэг Санхүүгийн зохицуулах хороо эцсийн шийдвэр гаргаж таарна. Ирэх намарт багтаад давхар бүртгэлийн журамд өөрчлөлт оруулах бололтой. Энэ нь компаниудыг Монголын хөрөнгийн бирж рүү татах нэг хөшүүрэг болох нь дамжиггүй. Жагсаалтад хамгийн сайн буюу “хөгжсөн” ангилалд багтдаг биржүүд орсон учраас ямар ч шалгуур тавихгүй байх үндэслэл бий гэж хөрөнгийн биржийнхэн тайлбарлалаа.
Гадаадын хөрөнгийн биржид IPO хийсэн компаниуд дотоодод хувьцаагаа гаргавал хэрхэх вэ? Юуны түрүүнд Монголын хөрөнгийн зах зээлийн хэмжээ огцом өснө. Одоо манай хөрөнгийн зах зээл 1.5 их наяд төгрөгт эргэлдэж байгаа билээ. Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайжирна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцаанууд төвлөрөл ихтэй. Иймээс хөрвөх чадвар муутай байдаг.
Өдгөө АПУ, “Сүү”, “Тавантолгой” гэх мэт цөөн компанийн хувьцаа л идэвхтэй арилжигдаж байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчид гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудынхаа хувьцааг дотоодоос худалдаж авах боломж нээгдэх юм.
Монголчууд сүүлийн жилүүдэд тусгай эрх бүхий брокерийн компаниар дамжуулан, “Оюутолгой”-н толгой компани “Turquoise Hill”, Тавантолгойн ордын Ухаахудагаас нүүрс баяжуулан экспортолж буй “Энержи ресурс”-ийн эцэг “Mongolian mining corporation”-ы хувьцааг Лондон, Хонконгийн биржээс худалдаж авах нь ихэссэн. Эдгээр компани Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлбэл хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3-4 дахин өсөх таамаглал гарчээ.
Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьцааны 10 хувийг заавал Монголын хөрөнгийн биржээр арилжих заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлэхийг шаардвал дээрх хоёр компани хүссэн ч, хүсээгүй ч Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх учиртай.
Төр төмөр нударгаа харуулж, дээрх хоёр компанийн удирдлагуудыг шахан, хувьцааг нь дотоодын биржид бүртгүүлэх хэрэгтэй гэж үзэж буй эх сурвалж ч таарч байна. Саваа бэлдчихлээ. Саалиа хэрхэн дүүргэх вэ. Толгой гашилгах хамгийн том ажил бол энэ.