Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН хамтран "Транзит Монгол-2017" форум өнөөдөр эхэллээ. Бээжин хотноо зохион байгуулагдаж буй энэхүү форумд Монгол, Хятад, Оросын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагч компани, аж ахуй нэгжүүд гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэх зорилгоор оролцож байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дэд дарга Ю Чунсяотай уулзаж санал солилцлоо. Уулзалтын үеэр гурван улсын төмөр замын асуудал хариуцсан дэд сайд нарын уулзалтыг тогтмолжуулж, уулзалтаас хойш хэрэгжсэн ажлууд, гарсан үр дүнг хэлэлцэх санал тавьлаа.
Гурван улсын төмөр замын асуудал эрхэлсэн дэд сайд нарын зөвлөлдөх механизм нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой гэдгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл энэ үеэр онцолж байв. "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр" батлагдаж, гурван улсыг дамнасан шинэ төмөр замын төслүүд хэрэгжих гэж байгаа нь хөгжлийн бодит хэрэгцээ гарч, дээрх хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тохиромжтой үе аж. БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дэд дарга Ю Чунсяо "Дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж буй энэ цаг үед хамтын ажиллагаагаагаа өргөжүүлж, төмөр замын салбараа хамтран хөгжүүлэх боломж бидэнд бий. Тиймээс Монгол улсад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана " гэлээ.