Хэл ярианы бэрхшээлээр нь далимдуулж мэргэжлийн бус зарим хүн хүүхдийг сургана гэж өндөр төлбөр авчихаад хэрхэн харилцаж байгааг өнөөдөр Eagle TV нэвтрүүллээ. Зарим хүүхэд хэлэх гэснээ зөв илэрхийлж чадахгүй, ганц нэг үсэг буруу хэлж сурснаас бүрэг, ичимхий болж, сургуульд ороод бусад хүүхдээс ичиж, өөрийгөө тусгаарлаж, сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлгүй болдог ажээ. Цаашлаад нийгмийн харилцаанд орж чадахгүй амьдралын идэвхгүй нэгэн болж хувирах хүртэл аюултай гэнэ. Хүүхэд хэл ярианы бэрхшээлтэй болох шалтгаан олон янз. Төрөлхийн, эсвэл бэртэл гэмтэл, агаарын бохирдол, идэж ууж байгаа хоол хүнс, нийгэм гээд бүх зүйлээс л шалтгаалдаг байна. Хүүхдийн энэ байдлыг мэргэжлийн хүн л засаж чадна. Гэтэл энэ чиглэлийн багш Монголд хэдхэн байгаа. Тэд үндсэн ажлынхаа ачааллыг даадаггүй. Харин мэргэжлийн бус хүн хэл засал хийснээр хор уршиг их гардаг ажээ. Ер нь хүүхдэд 15-20 минут байхад л хангалттай. Жирийн хүүхдийн анхаарал 15 минут л төвлөрдөг. Гэтэл энэ бичлэгээс сонсоход 9 настай хүүд жүжигчин Карма 1 цаг 40 минут хичээл заахдаа аашлах, бусдад муулах, хараах зэргээр дарамталжээ. Нэвтрүүлгээс үзэхэд жүжигчин Карма хүүхдийн хэл яриа засах сургалтын зөвшөөрөлгүй байжээ. Энэ нь сургалтын баталгаажуулсан хөтөлбөр, заах арга, стандарт байхгүй гэсэн үг.