Гурван минутад хэдэн гамбургер идэх вэ?
Энэ асуултын хариуг Япон иргэн Такерү Кобаяаши 2014 оны долдугаар сарын 11-нд Италийн Милан хотод болсон “Lo Show del Record” арга хэмжээний үеэр 12-ыг идэж дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Халуун ногоог идэхэд тэвчээр шаарддаг
Халуун ногоотой хоолыг зарим хүн идэж чаддаггүй. Тэгвэл халуун ногоог идэхэд ч багагүй тэвчээр шаарддаг аж. АНУ-ын иргэн Жэйсон МкНабб 2013 оны зургадугаар сарын 19-нд 66 грам чили пэппэрс буюу халуун ногоог идэж, рекорд тогтоосон билээ. МкНабб тэргүүтэй гурван хүн гиннесийн номд бүртгүүлэхээр өрсөлдсөн ч нөгөө хоёр нь 45, 46 грам халуун ногоо идэж амжсан юм.
“Том Мак”-ын үнэнч фанат
Алдарт Макдоналдсын хамгийн алдартай бургер болох “Big Macs”-ын үнэнч фанат Дональд Горске 2012 оны аравдугаар сарын 11-нд 26 мянга дахь “Big Macs”-ыг идэж, нэгэн сонирхолтой амжилтын эзэн болжээ. Дональд ийм амжилтыг бүтээхийн тулд 1972 оны тавдугаар сарын 17-ноос хойш бараг өдөр бүр нэг “Том Мак” иддэг байжээ.
Хамгийн том бохин бөмбөлөг
АНУ-ын иргэн Чад Фелл хэмээх нэгэн эр 2004 оны дөрөвдүгээр сарын 24-нд Алабама мужийн Добл Спрингс ахлах сургуулийн гадаа 50.8 см диаметрийн хэмжээтэй бохин бөмбөлөг үлээж байв. Чад өөрийнхөө сонирхолтой амжилтын нууцыг гурван хайрцаг бохьтой холбож тайлбарласан гэдэг.
Сонирхолтой бас содон
Их Британийн иргэн Брюс Мастерс 1960 оноос хойш 2014 он хүртэл 46495 пабаар зочилж, хүйтэн шар айраг уусан дээд амжилт тогтоосон аж.
Хүн нэг минутад хичнээн усан үзэм идэх вэ?
Энэ асуултад Энэтхэгийн иргэн Динеш Шивнат Упадхья 2014 оны долдугаар сарын 7-ны өдөр Мумбай хотноо нэг минутад 73 ширхэг усан үзэм идэж, гиннесийн номд бүртгүүлж байв.
Харахгүйгээр жүрж жимсийг хэр хугацаанд иддэг юм бол...
Энэтхэгчүүд аливаа хүнсийг маш хурдан идэх арга барилд суралцсан ард түмэн бололтой. Маниш болон Даниш нар нүдээ боосон үедээ буюу харахгүйгээр жүрж жимсийг 17.15 секундэд хальсийг нь авч, идэж амжсан байна.
Холимог тулааны тамирчин
Лемоны жүүсийг соруулаар хэр хурдан уух нь тун ч сонирхолтой уралдаан бололтой. Тэгвэл нэг литр лемоны жүүсийг энэ оны тавдугаар сарын 17-нд холимог тулааны тамирчин Деннис Бермудес 22.75 секундэд ууж дуусгасан юм. Тэрбээр энэ содон амжилтаа хоёр дахь оролдлогоор амжилттай гүйцэтгэжээ.
Бас нэг сонирхолтой үзүүлэлт
Нэг минутад хичнээн “M&M” чихэр түүж идэх дээд амжилтыг Ашрита Фурман гэгч эрхэм эзэмшдэг. Тэрбээр 2011 оны арванхоёрдугаар сарын 8-нд нэг минутад 20 ширхэг “M&M” идэж байв. Гэхдээ Ашрита нүдээ боогоод ийм амжилтыг үзүүлсэн гэж “онцгойрчээ”.