Монголын модон бөмбөгийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Энх-Алдар 2016 онд БНСУ-д болсон ДАШТ-ий талбайн цохилтын ганцаарчилсан төрөлд VI байрт шалгарч, нээлттэй тэмцээний багийн төрөлд хүрэл медаль хүртэн амжилтынхаа гарааг эхлүүлж байв. Түүнд гадаадын тэмцээнээс гардсан мөнгө, хүрэл медаль цөөнгүй бий. Тухайлбал, тэрбээр дараа жил нь Хонконгийн нээлттэй олон улсын тэмцээнд оролцохдоо БНСУ, Тайвань, Сингапур, БНХАУ, Малайз, Угандагийн тоглогчидтой эн тэнцүү өрсөлдөж багийн төрөлд 24 замын нийлбэр оноогоор мөн л хүрэл медаль зүүж, цом гардсан юм. 2018 онд Тайландад зохион байгуулсан ДАШТ-д шагналт V байр эзэлсэн бол 2019 онд Өмнөд Солонгост Азийн АШТ-ээс багийн төрөлд хүрэл, мөн Хонконгод нээлттэй тэмцээний багийнхад хүрэл, БНСУ-д хосын цохилтын төрөлд спортын мастер Д.Даваадоржтой хамт оролцож, мөнгөн медальтай ирж байв. Өнгөрсөн жил өмнөд хөршийн Шаошан хотод болсон Азийн АШТ-ээс багийнхантайгаа хүрэл медаль зүүсэн. Энэ жил мөн тус хотыг зорьж, ес дэх удаагийн ДАШТ-д ур чадвараа сорьсон түүнтэй ярилцлаа.
-Манайхан Шаошан хотод дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна. Таныг талбайн цохилтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд амжилттай тоглож байгаа гэж сонслоо.
-Баярлалаа. Энэ удаагийн ДАШТ-д Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг дасгалжуулагч Ж.Загас багшийн удирдлагад 12 орны 200 гаруй тоглогчтой өрсөлдсөн. Миний хувьд ганцаарчилсан төрөлд шилдэг 12 тоглогчийн нэгээр шалгарч, багийнхнаасаа хамгийн өндөр амжилт үзүүллээ. Манай эмэгтэйчүүдийн баг V, эрэгтэйчүүд VI байрт шалгарсан. Азийн орнуудаас Индонез, Хонконг, Тайванийн баг эхний гурван байрыг эзэллээ. Манайхан тус тэмцээний дараа БНХАУ-ын модон бөмбөгийн нээлттэй тэмцээнд үргэлжлүүлээд оролцож байна. Бид Шаошан хотод хоёр дахь удаагаа хөл тавьсан. Тэнд өнгөрсөн жил зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Ганболд багшийн удирдлагад шигшээ багийн шилдэг 16 тамирчин тоглосон юм. Тивийн тэмцээнээс бид шагналын буухиатай ирсэндээ баярладаг. Талбайн цохилтын төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг амжилттай оролцож, тус бүр хүрэл медаль хүртэж байлаа.
-Тамирчид анхны тэмцээндээ хэрхэн оролцсоноо хожим дурсах дуртай байдаг. Тэр үед та ч гэсэн өрсөлдөгчдөөсөө суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжтойг ойлгосон байж болох шүү дээ.
-Би хилийн дээс анх удаа алхаж, багийнхаа ах, эгч нартай БНСУ-д болсон ДАШТ, Солонгосын нээлттэй олон улсын тэмцээнд анх удаа оролцсон юм. Хэдийгээр тэнд тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн ч тамирчин хүн өөрийгөө шинэ гэж голохгүй хичээвэл амжилт гаргах бүрэн боломжтойг ухаарсан юм. Тухайн үед өрсөлдөгчдөөсөө талбайгаа мэдэрч тоглох, сэтгэл зүйгээ зөв удирдахын давуу талыг харж билээ.
-Та 2016 онд ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд VI байрт шалгарсан шүү дээ. Тэр үед гадаадад тэмцээнд өрсөлдөх нь Монголд түрүүлэхээс ялгаатайг мэдэрсэн байх.
-Тийм ээ, миний анхны том тэмцээн байсан болохоор сүрдэж, сандарсан тал бий. Халуун нартай, хүйтэн бороотойд багийнхаа ах, эгч нарын зөвлөснөөр л тоглосон. Тухайн үед тамирчид байгалийн ямар ч үзэгдэл тохиолдсон тэмцээнээ тасалдуулахгүй үргэлжлүүлэх ёстойг ойлгосон. Эх орондоо тоглоход ядаж л төрөлх хэлээрээ ярьж, зөв ойлголцоно шүү дээ. Олон улсын тэмцээнд оролцоход гадаад хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Өмнө нь огт тоглож байгаагүй талбайд хэдэн жил, сар тасралтгүй бэлтгэл базаасан тамирчидтай нь өрсөлдөх тун амаргүй санагдаж билээ.
-Манай эрэгтэйчүүд дараа жил нь Хонконгийн олон улсын нээлттэй тэмцээнээс багийн төрөлд хүрэл медаль, цом гардсан санагдана.
-Тэр үе бол бидний баярлаж догдолсон хамгийн сайхан мөч байсныг хэзээ ч мартдаггүй. Багаа ахалж явсан дасгалжуулагч багш маань “Та нар юу сурснаа одоо л харуулах хэрэгтэй” гэж хурцалсан нь шагнал гардахад их нөлөөлсөн гэж боддог. Сайн тоглохгүй бол хоосон буцна гэдгийг мэдэж байсан тул бид ч хичээж тоглосоор хүрэл медаль хүртсэн. Тэр их өрсөлдөөнөөс гардсан цом үнэ цэнтэй ирсэн шүү. Үе тэнгийн, шинэ, залуу гэх тодотголтой тамирчид сурсан, мэдсэнээ тэнд дүгнүүлсэн дээ.
-Азийн орнуудад модон бөмбөг өндөр хөгжсөн тул ДАШТ-д хүчтэй өрсөлддөг. Тайвань, Индонез, БНХАУ, Малайз, Хонконгийн тамирчдын тоглох техник, тактикийг та тэмцээний үед ажигласан байлгүй.
-Гадаадын тамирчид байнгын бэлтгэлтэй байхаас гадна улс нь дэмжиж, бүх зүйлээр хангадаг. Тэд олон улсын стандартад нийцсэн талбайд тоглодог. Шигшээ багийнх нь тамирчдын олонх спортын сургуулийн оюутан залуус. Монголын тамирчид тус бүр өөр мэргэжил эзэмшсэн байдгийг сонсоод тэд их гайхдаг юм.
-Азиас аль орны тамирчид хамгийн сонирхолтой тоглолт өрнүүлдэг вэ. Монголчуудыг хүчтэй өрсөлдөгч болсныг хараад тэд хэрхэн хүлээж авдаг бол?
-Индонез, Тайланд, Хонконг, Тайванийн тамирчид ямар ч тэмцээнд хамгийн сонирхолтой тоглолт өрнүүлдэг юм. Бусад улсын тоглогчид доод тал нь гурван сар тасралтгүй бэлтгэл хийж тэмцээнд оролцож байх жишээтэй. Биднийг ажлынхаа зав, чөлөөгөөр 7-14 хоног бэлтгэл хийгээд эн тэнцүү өрсөлдөхөд тэд их бахархаж, сэтгэл өндөр хүлээж авдаг.
-Тэдний хэмжээнд хүрэхийн тулд юунд анхаарал хандуулбал зохих вэ?
-Бидэнд бэлтгэл хийх олон улсын стандартад нийцсэн талбай зайлшгүй шаардлагатай байна. Жилд нэг удаа болдог УАШТ-ийг олон улсын хэмжээнд хүрэхүйц зохион байгуулбал тамирчдын ур чадвар өмнөхөөс илүү ахина. Төр засгаас гадаадын тэмцээнд оролцдог шигшээ багийн тамирчдыг тодорхой хэмжээгээр дэмжвэл манайхан гадаадынхнаас дутахааргүй чадвартай.
-Манай тамирчдыг амжилт гаргахад ямар асуудал хамгийн их тулгарч байна.
-Тэмцээнд оролцох зардал, бэлтгэлдээ зориулах хөрөнгө санхүүгээс авхуулаад ажлын чөлөө зав, тоглолтын талбай гээд бидэнд тулгардаг олон асуудал бий.
-Энэ спортод хүсэл тэмүүллээрээ, эсвэл хоббидоо хөтлөгдөж хөл тавив уу?
-Намайг I курсийн оюутан байхад дээд ангийн эгч, ОУХМ М.Сугарсүрэн сургуулийн тэмцээн дээрээс дуудаж, “Модон бөмбөг гэж ийм спорт байдаг юм. Чи тоглоод үзээч. Одоо элсэлтээ авч байна” гээд дасгалжуулагч Ж.Загас багштай анх уулзуулж байв. Би их сониуч зантай. Модон бөмбөг сонирхоод тоглож үзтэл болмоор санагдахаар нь хичээллэж эхэлсэн.
-Тамирчин болох гараагаа ямар тэмцээнээр эхлүүлж байв?
-2015 онд оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхлүүлж байлаа. 24 замын нийлбэрээр шилдэг 12 тамирчнаас есдүгээрт эрэмбэлэгдэж, урам авсан.
-Бөмбөг, цохиураас мэдэрдэг хамгийн сайхан зүйл нь тань юу вэ?
-Модон бөмбөгтэй нөхөрлөсөн цагаасаа эрч хүч, тайвшрал, аз жаргалыг мэдэрдэг болсон.
-Өнөөг хүртэл тууштай хичээллэхийг бодоход ойр дотнын хүмүүс тань тусалж, дэмждэг байх нь ээ.
-Гэрийнхэн минь намайг сайн ойлгож тусалдаг. Манайхан эхэндээ “Чи олон спорт сонирхож байна. Битгий сэглээд бай. Аль нэгээр нь тууштай хичээллэ” гээд дурамжхан байлаа. Тууштай хичээллэж, тэмцээнүүдэд амжилттай оролцоод, медаль хүртэх үеэс дэмждэг болсон. Манайхан одоо миний үнэнч хөгжөөн дэмжигч, найдвартай ар тал минь.
-Спорт босго өндөртэй. Тэр хэрээр саад, бэрхшээл их. Тамирчдад тулгардаг асуудлыг та ч бас тойроогүй л байх.
-Шантарч, халшрах зүйлтэй нэг бус удаа тулгарсан. Тэр үед “Нэрийнхээ өмнөх нэрийг л унагахгүй юм шүү” гэж өөртөө үргэлж сануулдаг байв. Үүнээс гадна багийн тамирчид, ээж, эгч нар минь их түшиг болдог.
-ХААИС-ийг биотехнологич мэргэжлээр төгссөн юм билээ. Өнгөрсөн жилүүдэд хичээлдээ гүйх, бэлтгэл хийж тэмцээнд оролцох гээд оюутан ахуйн амьдрал завгүй өнгөрсөн биз?
-Тийм ээ, тун завгүй өнгөрсөн. Өглөө хичээлдээ суучхаад багшийн өрөөнд орж хувцсаа солиод гадаа өдөржин бэлтгэл хийдэг сэн. Сургуулийнхаа зарим багш нарт зэмлүүлсэн удаа ч цөөнгүй. Гэхдээ надад бэлтгэл хийж, тэмцээнд оролцож завгүй өнгөрүүлсэн цаг хугацаа минь хамгийн сайхан санагддаг. Спортоор өөрийгөө хөгжүүлж, амьдралдаа үлдээх сайхан дурсамж, өөрт хэрэг болох олон зүйлийг сурсандаа талархдаг.
-Өнгөрсөн он жилүүдэд таныг хэн амжилт руу хөтөлсөн бэ?
-Дасгажуулагч, ОУХМ Ж.Загас багш, гэр бүл, багийн минь нөхөд. Багш минь байгаагүй бол бид тив, дэлхийд улсынхаа нэрийг гаргаж чадахгүй. Биднийг гадаадын тоглогчидтой эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрэхэд багшийн хичээл, зүтгэл их нөлөөлсөн.
-Тамирчид өрсөлдөгчөөсөө илүү шилдэг нь байхыг хүсдэг. Шигшээ багт хэрхэн “тоогдож” байв?
-Багш, багийнхаа ах, эгч нарын хэлснээс зөрөлгүй явсан минь шигшээ багийн тамирчин болж, өнөөг хүртэл тууштай тоглоход нөлөөлсөн гэж боддог.
-Хичээллэхээр ирсэн эхний өдөр, шигшээ багийнхны уур амьсгал ямар санагдсан бол?
-Бэлтгэл хийхээр заал руу анх ороход найрсаг хамт олон, халуун дулаан орчин, инээд хөөр болсон хүмүүс угтаж байлаа.
-Модон бөмбөг өөрийг тань өмнөхөөс тань хэр өөрчлөв?
-Би өмнө нь одоогийнхоосоо өөр байсан шүү. Модон бөмбөг намайг өөртөө итгэлтэй, хүлээцтэй, зорилго тавиад түүнийхээ төлөө зүтгэдэг тэмүүлэлтэй болгосон.
-Спортод найз ч байсан ял гэдэг дүрэмтэй. Тоглолтын талбарт андтайгаа өрсөлдөгч болсон удаа олон байдаг уу?
-Тоглолтын талбайд найзуудтайгаа цөөнгүй таарч өрсөлдсөн. Тэмцээнд ялна, ялагдана, муудалцах үе ч гарч байлаа. Би өрсөлдөөнийг талбайд л гаргадаг. Харин тэмцээн өндөрлөсний дараа тэдэнтэйгээ сайхан нөхөрлөдөг.
-Түрүүлснээс илүү ялагдсан тамирчнаас зорилго харагддаг. Та ч гэсэн өөрийгөө дайчлаад дараагийнхад нь түрүүлсэн удаа байдаг л биз?
-Тэмцээнд ялж, ялагдах ээлжилдэг хойно хожсон гэж бардахгүй, хожигдсон гэж гомддоггүй. Хүн алдаанаасаа суралцвал амжилтад хүрдэг. Эхний нэг, хоёр жилд медалиас байнга мултардаг байв. Миний хувьд ДАШТ-д чамлахааргүй амжилт үзүүлж, өөрийгөө хурцалсан гэж бодож байна.
-Дутагдлаа хүнээс сонсох хэцүү л байдаг. Хамгийн хэрэгтэй зэмлэл, магтаалыг хэнээс сонсдог вэ?
-Ж.Загас багшаасаа санаж явах, хэрэг болох үг сонсдог. Оюутан байх үеэ бодвол одоо зэмлэл, магтаалыг даадаг л болж байна.
-Үеийнхээ залууст спортоор хичээллэхийн давуу, тамирчнаар үлдэхэд юу хамгийн их нөлөөлдөг болох талаар туршлагаасаа хуваалцаач?
-Спортоор хичээллэхэд хүнийг хүндэлдэг, шударга зантай, үг даадаг, ажлыг цаг хугацаанд нь амжуулах үүрэг, хариуцлагатай болдог. Үеийнхэндээ “Спортын талбар дахь өрсөлдөөнд тамирчин болж үлдэхэд тэвчээртэй, тууштай, хичээнгүй зан чанар их нөлөөлдөг шүү” гэж хэлье.