Монголын волейболын холбооноос жил бүр залуучуудын УАШТ зохион байгуулдаг. “Гэрэл нэмье” уриатай болж өндөрлөсөн энэ удаагийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 12, эрэгтэйчүүдийн 19 баг өрсөлдсөн. Хурдтай, ур чадвартай шинэ тоглогчдоор хүч сэлбэсэн багууд “Үндэсний дээд лиг”-т тоос өргөдөг шилдгүүдийг ч сандаргаж, эн тэнцүүхэн өрсөлдсөн нь үзэгчдийг алмайруулсан. Аваргын төлөөх тоглолт хэзээний анхаарал татдаг хойно хөгжөөн дэмжигчид Спортын төв ордонд хөл тавих зайгүй суудлаа эзэлсэн байв. Жилд нэг удаа өрнөдөг улсын томоохон тэмцээний тэр их өрсөлдөөнөөс шилдгээр тодорч, тэргүүн байрт шалгарна гэдэг багуудын хувьд алдаж болохгүй агшин, ховорхон тохиох боломж юм.
Эрэгтэйчүүдээс “Минтонетт говь” багийнхан “Натур бакс”-ийнхантай талбайд таван үе гал гартал тоглов. Ана мана үзэлцсэн хоёр багийн оноо тэнцсэн тул шийдвэрлэх сүүлийн тоглолтод хожил хэнийх нь талд эргэх нь олны сонирхлыг хамгийн их татаж байлаа. Тоглолтын уур амьсгалыг “Минтонетт говь” багаас довтлогч М.Гэндэндарам, холбогч Н.Бүрэнтөгс, “Натур бакс”-ын хаагч Б.Амар нар улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон. Эсрэг багийн давуулалтыг “Натур бакс”-ынхан хамгаалж, Б.Амарын цохилтоор онооны харьцааг 14:13 болгож дөхүүлсэн юм. Хаашаа ч салхилж мэдэх хожлын бөмбөгийг М.Гэндэндарамын хаалт зогсоож, ялалтын оноог авчирснаар “Минтонетт говь” багийнхан хүчтэй өрсөлдөгчөө 3:2-оор буулган авч алтан цом гардлаа. Хүрэл медалийн төлөө “Шанх транс” багийнхан “Төв миг”-ийн тоглогчдыг 3:2 харьцаагаар хожиж, хүрэл медалийн эзэн болов.
Эмэгтэйчүүдээс тэргүүн байрын төлөө “Ховд ижил Алтайн барс торгууд спортс”-ынхон “Энагурэ” багийнхантай мөн л ана мана өрсөлдөж, 3:1-ээр ялж аваргаар тодров. Тэгвэл “Хилчин” багийнхан “Хобби эйс”-ийнхэнд ямар ч боломж өгөлгүй 3:0-ээр хожиж, дээрх тэмцээнээс гурав дахь хүрэл медалиа хүртэв.
Сонирхуулахад, “Үндэсний дээд лиг” энэ сарын 14-нд эхлэх нь. Ирэх жилийн хоёрдугаар сарын 1 хүртэл дөрвөн сар үргэлжлэх лигийн тэмцээнд олон улсын албан ёсны шилжүүлгийн сертификаттай легионер тамирчдыг оролцуулж, тоглолтыг олон улсын шүүгчдээр дэнслүүлэх аж.