Дизайнерууд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвд өчигдөр нээв. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд дизайнерууд өөрсдийн ур ухаан, инновац шингэсэн, загварын чиг хандлагыг тодорхойлохуйц бүтээгдэхүүнүүдээ шилж, дэлгэжээ. Тодруулбал, ноос, ноолууран хувцас, нэхмэл, сүлжмэл, үслэг эдлэл, нэхий дээл, савхин хувцас, арьсан гутал, цүнх, бэлэг дурсгалын зүйлсийг хямдралтай, урамшуулалтайгаар худалдаж байгаа аж.
Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгч “Чиг гутал”-ынхан чийг татдаггүй, 100 хувийн арьсан, хавар, намрын гутлуудаа 20-30 хүртэлх хувиар хямдруулжээ. Түүнчлэн “Mon gloves”-ийнхэн хуванцар хамгаалалт бүхий мотоцикл, цана, чарганы зориулалттай цэвэр арьсан бээлийгээ хямдралтай борлуулж буй гэнэ. Мөн энэ үеэр үйлдвэрлэгчид цөөнгүй азтан ч шалгаруулах аж. Дээрх үзэсгэлэнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон томоохон 100 гаруй аж ахуйн нэгжийнхэн оролцож буй юм байна.
О.ОРГИЛОХ