Монгол орон агаарын даралтын төв бүсэд ойр оршдог. Тэгвэл хүйтэн уур амьсгалын нөлөөгөөр агаарын даралт өнөө шөнөөс огцом нэмэгдэх төлөвтэй гэнэ. Тодруулбал, маргааш агаарын даралтын хэмжээ 1044 гПа болж нэмэгдэж болзошгүй тул зүрх, судасны өвчтэй хүмүүсийг анхаарал болгоомжтой байхыг эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулсан юм. Үүнийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхээс тодруулахад “Монгол орныг чиглэн ирж буй Сибирийн хүйтэн урсгалын нөлөөгөөр ирэх баасан гаргаас нийт нутгаар цаг агаар эрс муудна. Үүнтэй холбоотойгоор агаарын даралт ч нэмэгдэнэ. Гэхдээ хэдэд хүрч нэмэгдэхийг одоогоор хэлэх боломжгүй” гэв.
Дэлхийн гадарга болон агаар мандалд орших бүх зүйлд үзүүлж буй даралтын нөлөөг агаарын даралт хэмээн тодорхойлдог. Энгийнээр хэлбэл, уур амьсгал бүрэлдэн тогтоход агаарын орчил хөдөлгөөн гол үүрэг гүйцэтгэдэг үндсэн хүчин зүйл нь юм. Өвөл газрын гадарга дээрх даралт 12-1 дүгээр сард хамгийн өндөр болдог байна. Монголын баруун хойд хэсэгт Азийн (Сибирийн) эсрэг циклон буюу даралтын урсгал оршдог. Үүний улмаас улирал солигдох үеэр агаарын даралт огцом нэмэгдэж, буурдаг ажээ. Агаар дахь 1013 гПа даралтыг олон улсад хэвийн гэж үзнэ. Тэгвэл цаг агаарын өчигдрийн мэдээгээр нийслэлд агаарын даралт 873 гПа болж буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Энгийн иргэд агаарын даралтын хэлбэлзлийг төдийлөн мэдэрдэггүй бол өвчтэй хүмүүст янз бүрийн шинж тэмдэг илрэх нь бий. Тодруулбал, агаарын хэлбэлзэл нь зүрх, судасны өвчтэй хүмүүст даралт ихсэх, шигдээс болох, унаж татах давтамжийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэнэ. Тиймээс ийм өвчтэй хүмүүс ойрын өдрүүдэд аль болох гэртээ, асарч халамжлах хүнтэй байх шаардлагатай аж. Агаарын даралт огцом нэмэгдэж, буурахад загас хүртэл гүн шумбаж, ан амьтан үүрэндээ хоргоддогийг цаг уурчид судалж, тогтоожээ.
Сонирхуулахад, 2001 оны арванхоёрдугаар сарын 19-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд агаарын даралт 1085.7 гПа-д хүрчээ. Үүнээс хойш буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд мөн Монголын өндөрлөг уулсын бүсэд дэлхийн агаарын даралтын хамгийн дээд үзүүлэлт бүртгэгдсэн байж болзошгүйг Британийн “Independent” сонинд мэдээлсэн байна. Завхан аймгийн цаг уурын автомат станцын мэдээгээр, эл өдөр агаарын дундаж даралт 1094.3 гПа, хэм -45.5-д хүрсэн аж. Үүнийг Британийн Редингийн их сургуулийн цаг уур судлаач Стивен Берт “Дэлхийн агаарын даралтын хамгийн дээд үзүүлэлт Монголд бүртгэгдсэн нь баталгаатай. Гэхдээ хүйтний улиралд Монгол, Сибирь болон ОХУ-ын бусад бүс нутагт агаарын даралт нэмэгдэж, эрс хүйтрэх нь хэвийн үзэгдэл” хэмээсэн аж.
О.Ундрах