Өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын 14-ний 19.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн зарим байршилд цахилгаан тасарч, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд 2-4 цаг гаруйн хугацаанд хэрэглээгээ хязгаарлуулжээ. Энэ нь аравдугаар сар гарснаас хойших хугацаанд иргэдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр, ид ачааллын үеэр цахилгаан тасалсан хоёр дахь тохиолдол юм. Үүнээс өмнө аравдугаар сарын 4-нд нийслэлийн цөөнгүй байршилд хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлаж, олон мянган айл өрх, аж ахуйн нэгжийг хохироосон билээ.
Ямар шалтгааны улмаас ийнхүү цахилгаан гэнэт таслах болсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хэрэглэгчийн мэдээллийн төвөөс тодруулахад “Эрчим хүчний хэрэглээ суурилагдсан хүчин чадлаас давж буйтай холбоотойгоор оргил ачааллын үеэр нийслэлд цахилгаан хэсэгчлэн хязгаарлах болсон. Ингэхдээ иргэдэд урьдчилан мэдэгдэж, дунджаар нэг цаг орчмын хугацаатайгаар ээлжлэн салгаж байгаа” гэсэн юм. Харин нийслэлчүүд холбогдох байгууллагууд цахилгаан хязгаарлах талаар урьдчилан огт мэдэгдэлгүй тасалж, иргэдийн өдөр тутмын амьдралд төвөг чирэгдэл, нийгэм, эдийн засагт хохирол учруулж буйг шүүмжилсээр байна. Өвлийн ид хүйтэн, цахилгаан, дулааны оргил ачааллын улирал хараахан эхлээгүй үед эрчим хүчний салбар ийнхүү “улаан гэрэл”-ээ асааж байгаа нь цаашид яах бол гэсэн айдас, болгоомжлолыг иргэдэд төрүүлэх болов.
Гамшиг, осол зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл, төлөвлөгөөт урсгал засвараас бусад шалтгаанаар цахилгаан хязгаарласан тохиолдолд иргэд, олон нийтэд зайлшгүй урьдчилан мэдэгдэх ёстой. Гэвч Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК зэрэг холбогдох байгууллагынхан сүүлийн үед хэрэглэгчдэд мэдэгдэлгүй, хулгайгаар цахилгаан тасалдаг “моод” дэлгэрүүлэв. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Энэ өвөл нийслэлд 80 хүртэлх МВт-аар цахилгаан хязгаарлана” гэсэн нь албан ёсоор хэрэгжээд эхэлжээ.
Н.МИШЭЭЛ