Франц улсын Парис хотод Азийн урлагийн “Asia now-2024” наадам 10 дахь удаагаа болж, өчигдөр өндөрлөлөө. Азийн урлагийн сод болсон бүтээлүүдийг урлаг сонирхогчдод толилуулдаг уг наадамд “Лхам” галерейнхан Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцсон байна. Тус галерейнхан наадмын хүрээнд уран бүтээлч Б.Баатарзоригийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд толилуулжээ.
Тэрбээр нүүдэлчин монголчуудын сэтгэлгээ, соёл, уламжлал, түүхийг монгол зургийн арга барилаар дамжуулан илэрхийлдгээрээ онцлогтой зураач билээ. Түүнчлэн монгол үндэсний урлагийн бүхий л шинжийг бүтээлдээ шингээн урладаг уран бүтээлч хэмээн үнэлэгддэг. Нүүдэлчдийн соёл өнөө цагт хэрхэн өөрчлөгдөж буйг “өгүүлсэн” түүний бүтээлүүдийг Азийн урлагийн наадамд дэлгэсэн аж.
Ташрамд дурдахад, “Лхам” галерейнхан Монголын найман уран бүтээлчийн бүтээлүүдээс бүрдүүлсэн “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” нэртэй үзэсгэлэнг өнгөрсөн онд Парис хотод гаргаж байв.