Хүйтний улирал эхэлсэн энэ үед нийслэлд хамгийн эрэлттэй болдог унаа нь такси. Гэвч манай хотын таксины үйлчилгээ хувийн машинтай иргэд, хэн дуртай хүний хийдэг ажил болсон гэхэд хилсдэхгүй. Хөдөөнөөс орж ирсэн, зам мэдэхгүй хүн ч таксины үйлчилгээ эрхэлж болдог байсан. Хэн дуртай нь ийм үйлчилгээ эрхэлдгийн уршгаар нийслэлд гэмт хэрэг, зөрчил гарах нь ч түгээмэл болсон юм. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилд 2900 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 2116 нь таксины жолоочтой холбоотой байж. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эл хэргүүд нь ихэвчлэн үйлчлүүлэгчийнхээ мартаж буусан эд зүйлсийг завших, эсвэл хулгайлах хэрэг, зөрчил аж. Мөн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг ч цөөнгүй бүртгэгджээ. Энэ мэт асуудлыг цэгцлэхийн тулд Зөрчлийн тухай хуульд 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвшөөрөлгүйгээр нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн иргэнийг тав, хуулийн этгээдийг 50 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан билээ. Ингэснээр зөвхөн зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага л таксины үйлчилгээ эрхлэхээр болсон юм. Уг зохицуулалтыг энэ сарын 15-наас мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг сурвалжиллаа.
Зөвшөөрөлгүй таксийг хэрхэн таних вэ
Дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээд гурав хонож буй. Гэсэн ч “Зөвшөөрөлгүйгээр таксинд явбал таван сая төгрөгөөр торгоно” гэх сүрдүүлгээс өөр юу ч тодорхойгүй хэвээр байна. Эл сүрдүүлгийн улмаас хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчид үндсэндээ “ажил хаяжээ”. Гудамжинд зогсоод такси хүлээхэд зогсох машин олдохгүй болсон. Гэтэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хувиараа таксины үйлчилгээ эрхэлбэл торгохгүй гэх агуулгатай, учир битүүлэг мэдээллийг ч зарим хэвлэлд өгч, өмнө нь санаачилсан шийдвэрээсээ эсрэг зүйл ярьсан байх юм. Өөрөөр хэлбэл, такситай холбоотой бүх асуудал тодорхойгүй, асуулт хэвээрээ. Жишээ нь, зөвшөөрөлгүйгээр таксинд явсан хүнийг яаж мэдэж торгох вэ гэдгийг иргэд гайхсаар байна. Наанадаж нийслэлийн авто зам бүгд хяналтын камертай бил үү. Эсвэл зөвхөн таксигаар зорчиж буй хүн л мэдээлэх үү гэх зэргийг холбогдох албаныхнаас тодруулсан ч тоймтой хариу өгсөнгүй.
Таксинд явж хоногийн хоолоо залгуулдаг, гэр бүлээ тэжээдэг хүн нийслэлд цөөнгүй бий. Гэвч тэднийг торгоно хэмээн сүрдүүлж, гэр бүлээ тэжээн тэтгэх боломжоос нь хумсалж буйд жолооч нар бухимдаж байна. Тухайлбал, А.Амгалангийнх дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь гурван сартай бол том нь дөрөвдүгээр ангийн сурагч гэнэ. Эхнэр нь амаржаад удаагүй учраас хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх үүрэг түүнд ногддог аж. Тэрбээр “Ихэнхдээ өглөө, оройдоо л “халтуур” хийдэг байсан. Баруун дөрвөн замаас Саппоро хүртэл нэг хүнийг 5000 төгрөгөөр тээвэрлэнэ. Өвлийн хүйтэн, цастай, бороотой үеүдэд автобус ирэхгүй алга болчихдог шүү дээ. Ийм үед иргэдэд хамгийн хэрэгтэй, эрэлттэй унаа бол такси. Үүгээр амьдралаа залгуулдаг олон өрх бий. Гэтэл одоо биднийг зөвшөөрөл авахгүй бол таван саяар торгоно гэж байна. Гэвч зөвшөөрөл олгох шаардлагад нь бид тэнцэхгүй. Наанадаж 10-аас дээш жил ашиглаагүй тээврийн хэрэгсэл байх ёстой гэсэн. Гэвч би 2008 оны “Prius 20” загварын автомашинтай. Таксины зөвшөөрөл авахын тулд машинаа шинэчлэх боломжгүй шүү дээ” гэсэн юм.
Сүүлийн гурав хоногт зөвшөөрөлгүйгээр таксины үйлчилгээ эрхэлж байгаад саатуулагдсан хүн байгаа, эсэхийг холбогдох албаныхнаас тодруулахад “Зөвшөөрөлгүй такситай холбоотой ирүүлсэн гомдол одоогоор алга” гэв. Тэгвэл таксины үйлчилгээ эрхлэгчид хэрхэн зөвшөөрөл авах талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрынхнаас тодруулахад “Аж ахуйн нэгжүүд таксины үйлчилгээ эрхлэх хүсэлтээ нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлнэ. Бид ирүүлсэн хүсэлтүүдийг нягталж шалгана. Үүний дараа нийслэлийн Засаг дарга зөвшөөрөл олгоно” гэсэн юм. Зөвшөөрөл олгохдоо хэд хэдэн шалгуур тавьж буй аж. Тухайлбал, жолооны зөв хүрдтэй, зорчигчийн аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжтэй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн автомашин байх шаардлагатай гэнэ. Мөн мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадамжтай байх ёстой. Бас үйлчилгээний болон засвар, угаалгын байртай, үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглаагүй байхыг тусгажээ. Авто тээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, татварын өргүй, цахим төлбөрийн баримтын үйлчилгээнд холбогдсон, таних тэмдэгтэй байх ёстой аж. Таксины үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад хэдэн төгрөг төлөхийг тус байгууллагынхнаас тодруулсан ч хариулт өгөхийг хүссэнгүй.
Цахим платформд бүртгэлтэй бол торгуулахгүй
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалаас одоогоор хэдэн аж ахуйн нэгж зөвшөөрөл авсан талаар лавлалаа. Тэрбээр “Таван аж ахуйн нэгж таксины үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авсан. Тухайлбал, “Вип такси сервис”, “ТБ сервис”, “Мөнх такси”, “Стар автотрейд”, “Ub cab” зэрэг байгууллагынхан албан ёсны зөвшөөрөлтэй. Эдгээр байгууллагын нийт 251 такси үйлчилж байна. Цахим платформд бүртгэлтэй буюу аппликэйшн ашиглан таксины дуудлагын үйлчилгээ үзүүлдэг жолооч нарт эл зохицуулалт хамаарахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Тэгэхээр “Ub cab”, “Aba Mongolia” зэрэг аж ахуйн нэгжийн таксинууд торгуулахгүй гэсэн үг” гэх хариулт өгсөн юм. Түүнчлэн хотын дарга Р.Нямбаатар “Хувийн машинтай хүмүүст энэ зохицуулалт огт хамаарахгүй. Хувиараа таксины үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг үүгээр зохицуулахгүй. Аж ахуйн нэгж нь таксины үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авалгүйгээр, эсвэл хугацаагаа сунгуулаагүй явсан тохиолдолд арга хэмжээ авна. Түүнээс биш хувийнхаа машинаар хүн тээвэрлээд мөнгө авч байгаа бол энэ хууль, зохицуулалт хамаарахгүй” гэжээ.
Манайд таксины албан ёсны үйлчилгээ үзүүлэх эрхтэй цөөн хэдхэн аж ахуйн нэгж бий. Гэвч тэдгээр байгууллагын таксинууд дээрх шаардлагад нийцдэг, эсэх нь эргэлзээтэй. Жишээ нь, дуудлагын таксинууд бүгд зөв талдаа жолооны хүрдтэй, дүрс бичлэгийн төхөөрөмжтэй юү. Энэ салбартаа монопол гэж болохуйц, 50 гаруй мянган жолоочийг нэгтгэсэн “UB cab” компани л гэхэд байнга л олны шүүмжлэлд өртдөг. Өдгөө 200 мянга гаруй хэрэглэгчтэй болсон эл байгууллагынхан үйлчилгээний хөлсөө хэд хэдэн удаа нэмээд амжжээ. Сүүлийн нэг жилд гэхэд иргэд олноор үйлчлүүлдэг оргил ачааллын үед такси дуудвал хөлс нь 3000 төгрөгөөр нэмэгдэхээр шийдвэрлэсэн. Мөн хүлээлгийн төлбөр ч нэмж авдаг болсон. Эхний таван минут үнэгүй бөгөөд үүнээс цааш минут тутамд 200 төгрөг төлөх шаардлагатай. Энэ мэтээр таксины үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийнхэнтэй холбоотой гомдол тасардаггүй учраас тэдэнд ч бас хяналт, хариуцлага хэрэгтэй байна.
Албаныхан “Цахим платформд бүртгэлтэй буюу аппликэйшн ашиглан таксины дуудлагын үйлчилгээ үзүүлдэг жолооч нарт эл зохицуулалт хамаарахгүй” гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор өмнө нь хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг байсан иргэд “UB cab” компанид ажиллах нь эрс нэмэгдсэн гэнэ. Учир нь хувиараа “халтуур” хийдэг байсан хүмүүст аль болох бага зардлаар ажилтайгаа үлдэх боломж нь энэ гэнэ.
Яарч, тэвдсэн үед “аминд ордог” унаа
Нийслэлийн хэмжээнд өдөрт 80 гаруй мянган иргэн таксигаар үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Тэдний 90 гаруй хувь нь хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчидтэй таардаг гэнэ. Өнгөрсөн мягмар гарагт нийслэлд тэг зогсолт болоход иргэд олноор алхсан. Уг нь ийм үед такси “аминд ордог”. Гэвч дээрх зохицуулалттай холбоотойгоор автобусны буудал дээр зогсдог “халтуурчид” алга болсон тул иргэдэд алхахаас өөр сонголт үлдсэнгүй.
Энэхүү зохицуулалтай холбоотойгоор иргэдийн байр суурийг тодруулахад хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчдийг зөвшөөрөлтэй болгосонд бухимдах нэгэн байхад сайшаах хүн ч цөөнгүй байв. Нэг нь “Гадаа хүйтэрч байхад нийтийн тээврийнхээ хүртээмжийг нэмэгдүүлчхээд хувийн таксийг торгомоор юм. Яарсан, сандарсан үед хэрэгтэй унаа шүү дээ. Хувийн таксийг ингээд журамлачихвал дуудлагын үйлчилгээний эрэлт нэмэгдэнэ. Гэхдээ аппликэйшн хэтэрхий өндөр төлбөртэй. Түгжрэлд ч төлбөр тооцдог. Бас үнээ ч өөрсдөө тогтоодог. Хувийн таксинуудыг хориглочихоор ийм байгууллагынхан бүр л монопол болж, төлбөрөө нэмнэ шүү дээ” гэлээ.
Харин нөгөө талд ийм зохицуулалттай болсонд олзуурхах иргэн ч цөөнгүй байв. Тэд “Халтуур” хийж буй жолооч нар түгжрэлд “хувь нэмрээ” оруулдаг. Гар өргөж байгаа хүн л тааралдвал замын хөдөлгөөний дүрмийг умартан хаана ч хамаагүй зогсчихдог. Автобусны буудал дээр хүртэл ийшээ тийшээ явна гээд л орилолддог нь бараг хэвшил болсон. Хэдэн жилийн өмнө угаасан байх гэмээр суудлын бүрээс хамар сэтлэх шахам нэвширсэн тамхины үнэрт нь удаан явбал толгой эргэмээр. Бас хүссэн үнээ хэлж, дуртай замаараа тойрч явдгийг нь хэлэхэд илүүц биз” гэж байлаа.
У.Цэцэг