Бүгд Найрамдах Кипр Улсын Ларнака хотод болсон самбо бөхийн өсвөр үе, залуучуудын болон сурагчдын ДАШТ-д 33 орны 577 тамирчин өрсөлдсөн. Тус тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлагад оролцсон Монголын багийнхан 14 медаль зүүв. Сурагчдын ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд П.Эрдэнэбулган, 47 кг-д Э.Анужин, 65 кг-д Э.Анударь нар хүрэл медаль хүртлээ. Хөвгүүдээс 46 кг-д Б.Сайннямбуу, 53 кг-д М.Баяржавхлан, 64 кг-д Ч.Тэмүүлэн, 79 кг-д Э.Энхзориг, Н.Сумъяабазар нар III байрт шалгарч, шагналын тавцанд зогсжээ. Өсвөр үеийнхний ДАШТ-ий охидын +80 кг-д М.Хонгорзул мөнгө, -80 кг-д Ц.Чинболор, хөвгүүдээс -80 кг-д Д.Нарантулга нар хүрэл медалийн тоог нэмэв. Залуучуудын ДАШТ-ий охидын 65 кг-д Д.Номин, 72 кг-д Л.Энх-Амар, -80 кг-д О.Болор-Эрдэнэ нар мөн хүрэл медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. Дээрх тэмцээнтэй давхцан Узбекистаны Бухара хотод цэргийн гардан тулааны өсвөр үеийнхний ДАШТ болсон билээ.
Манай улсаас ДХИС-ийн сурагч Б.Алтансүх оролцож, хүрэл медаль хүртсэн байна. Муай тай боксын өсвөр, залуучуудын УАШТ, шүүт боксын УАШТ, холимог тулааны өсвөр, залуучуудын УАШТ-д түрүүлсэн тэрбээр “Монгол туургатан-2024” тэмцээнээс алт, мөнгөн медаль гардсанаар шилдэг эрэгтэй тамирчин болж байв.