Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойд
Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, хоёр төрийн Ерөнхий сайдын албыг хашиж байсан, олноо Самади багш хэмээн алдаршсан Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар (1874-1923)-ын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр Манжийн, Богд хаант Монгол Улсын, Ардын засгийн хэмээх төрийн өнгөнд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний төр улсаа төвхнүүлэхийн төлөө номын хүч, төрийн ухаанаар монгол түмнээ оройлон тэмцэж явсан, төр шашин, нийгэм улс төрийн тэргүүлэх зүтгэлтний нэг байв.
Жалханз хутагт Дамдинбазар XV жарны эр модон нохой жил буюу аргын 1874 оны зуны эхэн сарын 29-нд халхын Засагт хан аймгийн Цогтай вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Ойгон нуур хэмээх газарт мэндэлжээ.
Засагт хан аймгийн Самади багш номун хан түгээмэл сайтай гүжир хамба Жалханз хутагт Дамдинбазарын уг эхийг байцааваас, түүний өмнөх дүрүүд Энэтхэгт долоо, Төвөдөд зургаан үеийн хувилгаан гарч байж. Монголд анхны хувилгаан дүр Лувсанданзанжамц бээр 1634 онд тодорч, Эеэр засагчийн XI он буюу 1654 онд жанч халжээ. Түүнээс хойш Жалханз хутагтын дүрүүд тасралтгүй Монголд тодорч, VIII дүрийн Жалханз хутагт Дамдинбазар Бүрэнт засагчийн XIII он буюу 1874 онд Засагт хан аймагт хувилгаан гарсан хэмээн Зарлигаар тогтоосон олон аймгийн тамга бүхий, үгүй хутагт хувилгаан нарын шастирт бичсэн байна.
Бадаргуулт төрийн III он буюу 1877 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлон хийдэд хутагтын сэнтийд залж, уул шавьд нийлүүлэн суулгажээ. Жалханз хутагт Дамдинбазар бээр төрөлхийн сэргэлэн, эгэл бус нэгэн байсан тул эрдэм ном, бурхны шашны ном, сургаалыг гойд хурдан сурч, монгол, төвөд, манж хэл, бичгийн өндөр мэдлэгтэй болсон аж. Арван хэдтэй байхдаа зурхай, буддын гүн ухаан, билиг барамидын номлол, чойрын ном, учир шалтгаан, сахил санваарын ёсыг зэгсэн эзэмшжээ. Тиймээс хошуу нутагтаа шавь нараа захиран суусан тамгатай хутагт хэдий ч Богд гэгээнтний тааллаар шадар хамба нарынх нь нэгэн болов. Ингээд VIII дүрийн Богд ламтай ойр дотно шадарлах болсон байна. Тэрбээр “алтаар үйлдсэн Шагжамуни бурхан нэгэн суурь”-ийг Очирдара багш Жавзандамба хутагтад өргөжээ. Түүний өргөсөн тэрхүү бурхныг тахиж залбирахуйд олон амьтныг хамгаалах бөгөөд шар шашинд маш тустай болсон учир Жалханз хутагт Дамдинбазарт “гүжир хамбын тушаал ямба, ногоон тэрэг” шагнан өгсөн түүхтэй.
1902 оноос Ховдын Түгээмэл амаржуулагч сүмийг захирч гурван жил суужээ. Тийнхүү захирч ахуйдаа Жалханз хутагт Ховдын Түгээмэл амаржуулагч сүмийг засацгаан үйлдсэн учир 1908 онд түүнд “Түгээмэл сайтай” хэмээн хоёр үсгийн цол олгосон байна.
Энэ завсар 1900 онд Богд Жавзандамба хутагтаас Монголыг Чин улсын эрхшээлээс салгаж, тусгаар улс байгуулахад тусламж эрэхээр Да лам Бадамдорж, донир лам Цэрэн-Осор нарыг Орос улсын Петербург хотноо нууцаар зарж, хаанд нь захиа, бэлэг хүргүүлсэн байдаг билээ. Энэ нь тухайн үедээ “маш нууц байдалд” байсан бөгөөд энэ тухай Богд гэгээн, Богдын багш Ёнзон хамба лам, Жалханз хутагт, Дилов хутагт, Сайн ноён нарын хүрээнд л мэдэж байсныг хожим АНУ-д цагаачлан гарсан, Жалханз хутагтын үеэл, энэ жил мөн мэндэлснийх нь 140 жилийн ой тохиож байгаа, Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Дилов хутагт Жамсранжав бээр дуртгалдаа бичиж үлдээсэн буй. Жалханз хутагт Дамдинбазар бүр тэр үеэс Богд гэгээний шадар болж, улс төрийн хүрээний нууц ажиллагаанд оролцож байсныг энэ нь илтгэнэ.
1911 онд монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан. Уг явдал нь монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ. Монголын цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн бөгөөд Европын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний билигт сайн өдөр бурхны шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны ширээнд өргөмжлөөд, улсын цол Монгол, оны нэр Олноо өргөгдсөн, Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол Улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ. Энэ нь монголчуудын хувьд Өвөр Монгол Манжид дагаар орсноос хойш 275, Халх Монгол Манжид дагаар орсноос хойш 220, Ойрад Монгол Манжид хүчээр эзлэгдсэнээс хойш 150 жилийн дараах түүхэн онцгой үйл явдал болсон байна. Үүнд олон учир шалтгаан байсан боловч бурхан шашин монголчуудыг нэгтгэсэн нэг том хүчин зүйл болсон нь эргэлзээгүй байв.
Хар, шар олон монголчуудын нүднээс баярын нулимс унагаж, магнай тэнийтэл баярлуулсан Очирдара Богд гэгээнтнийг хаан өргөмжилж, эрдэнийн сууринаа залж, тулгар төр нээх их баярт Жалханз хутагт Дамдинбазар биеэр оролцжээ. Богд Жавзандамба хутагт Монгол Улсын эзэн хаан суугаад буулгасан хишиг тархаах зарлигаараа Жалханз хутагтад “Номун хан цол, улбар шар жолоо, ногоон тэрэг” шагнан хүртээсэн байна. Олноо өргөгдсөний II он буюу 1912 онд Богд хаан тусгайлан зарлиг буулгаж “Номун ханы тамга нэг, шавь нарыг захирах тамга нэгийг басхүү нэмэгдүүлэн шагнан” хүртээжээ.
Жалханз хутагт болбоос Богд эзний дэргэд бараа болох алба бүхий нь хараахан энгийн лам нар, ноёдоос учир ялгавартай тул “харьяат хутагтын газраас албаны хэргийн учир Хүрээний газар хүн зарахад нэгэн жилд дөрвөн удаагаас илүүгүй нэгэн удаа хэрэглэхэд унах ачих морь улаач хошоодоос хэрхэвч хэтрүүлэхгүй болгон нийгэм өртөө улаа хэрэглүүлж” байхаар айлтгасанд Богд хаан “Ёсоор болгогтун” хэмээн 1912 оны хоёрдугаар сарын 13-нд зарлиг буулгасан байна.
Мөн 1912 онд Богд хаан зарлиг буулгаж, баруун хязгаарыг төвшитгөн тогтох сайдаар Баргын ван Дамдинсүрэн, ван Магсаржав, илбэн тохинуулах сайдаар Самади багш номун хан Жалханз хутагт Дамдинбазар, зөвлөн туслах сайдаар Харчин чин зүтгэлт гүн Хайсан нарыг тохоон тавьж, идэр чийрэг таван зуун цэргийн хамтаар Нийслэл хүрээнээс илгээсэн билээ.
Баруун хязгаарт Самади багш номун хан Жалханз хутагт Дамдинбазар “уул газар орны олон лам нарын хамт Ховд хотын ойр дахь өндөр уулын оргилд гарч, дайсныг номхотгох ном уншиж, бас элдэвт сурган ухуулах захиа зааврыг гаргаж”, “олны санаа зоригийг улмаар чангатган хөгжүүлж, чадал хүчийг нэмэгдүүлэн бататгаж” суусан тухай Улиастайн түшмэл Нямжав бээр тэмдэглэсэн буй. Жалханз хутагт Дамдинбазар бээр баруун хязгаарт олон шавьтай, түүний дотор Танну урианхайн Салжиг, Тож хошуудад хүртэл шавь нартай байсан аж. Тиймээс эл хязгаарын олон дахиныг ухуулан сэнхрүүлж, сэргэн мандсан Богдын Засгийн газарт дагаар оруулах ажлыг өөрөө санаачлан санал дэвшүүлэн Богд хаанд айлтгаж, ийнхүү зарлигаар явсан болох нь Дотоод яамнаас өргөсөн айлтгалд тодорхой буй билээ. Энэ бол Жалханз хутагт монгол үндэснийхээ төлөө хэчнээн их сэтгэл, зүтгэлтэй болохыг илтгэн харуулах нэгэн баримт юм. Мөн Тогтох тайж лугаа хамт Өвөр Монголоос оргон гарч, Оросын нутагт хорогдож байсан Баяр тайж нарын 27 хүн ч Жалханз хутагтын шавь болон Монголдоо буцан нийлсэн түүх бий. Улмаар Манлай ван Дамдинсүрэн, Жалханз хутагт Дамдинбазар нарын удирдсан цэргүүд 1912 оны наймдугаар сард Ховд хотыг чөлөөлж, Монголын баруун хязгаарыг тохинуулжээ.
Ийнхүү Жалханз хутагт Дамдинбазар 1912 онд Богд хааны зарлигаар “баруун газарт гавшгайлан явж, сайд Зоригт бэйлийн хамт нийлж Дөрвөд, Урианхайн олон хошууг тулгар төрд дагаар оруулсан”, бас “бэхэлсэн хотыг дайлан сөнөөхөд ном уншиж онц хүчин зүтгэсэн” учир Богд хааны зарлигаар 1913 онд түүнд Самади багш цол шагнан хүртээсэн аж. Бас харьяат хутагтын газраа шийтгэх элдэв албаны бичигт улаан шугам хэрэглүүлэх хишиг хүртээжээ. 1915 онд мөнхүү шагнасан Самади багшийн цолын тамга, шар торгон өргөмжлөл шагнан хүртээсэн байна. Түүнчлэн 1915 онд Жалханз хутагт “шинэ байгуулах орд сүмийн үйлдвэрт мал туслан барьсан учир” хааны зарлигаар “улбар шар торго” шагнан хүртээсэн. 1916 онд Богд хаан тусгайлан зарлиг буулгаж, Жалханз хутагтад “очир жинс, шар бүч” шагнан хадуулжээ.
Самади багш номун хан түгээмэл сайтай жалханз хутагт Дамдинбазар өөрийн хүчээр шавь нарын хамт Богд Жавзандамба хутагт дээдийн Түгээмэл өлзий бататгахыг хүсэж, үргэлжид ном уншиж суухын зэрэгцээ “жил бүр элч зарж Богд эзэн гэгээн, улсын эх дагинын гэгээнтнээ амгаланг тус тус айлтгуулж бэлэг хадаг өргөн” бариулсаар буйг түүний намарт тэмдэглэсэн байна. Тиймээс Богд хааны зарлигаар 1918 онд “улсын санд мөнгө хариулан өргөсөн” учир “улбар шар торгыг төрөл тутам улируулан” хэрэглэх, бас “Цогчин дуганын үйлдвэрт мөнгө туслан барьсан” учир “Номч мэргэн егүзэр бандида” цол тус тус хүртээж байжээ.
Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж, дэлхийн I дайн Европт дэгдэж, Орост хувьсгал гарч, хаант засгийг нь түлхэн унагасны улмаас иргэний дайн дэгдсэн зэрэг олон шалтгаанаар Монголын эргэн тойрон, дотоод, гадаад нөхцөл байдал ээдрээтэй болов. Үүнийг далимдуулан Хүрээнд сууж байсан хятад сайд Чин И Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба хойчийг сайжруулах хууль 64 зүйл хэмээх баримт бичгийг хятад хэлээр боловсруулан, улмаар монголоор хөрвүүлж, засгийн зарим эрх баригчид лугаа хуйвалдан, Монголын засгийн эрхийг устгахаар сэдсэнд Богд эзэн хаан ихээр уурлаж, итгэлийг бүрэн олсон, үнэнч шавь Жалханз хутагт Дамдинбазарыгаа гүн Гомбын хамтаар Бээжинд илгээж байжээ.
Жалханз хутагт Богд хааны зарлигаар Бээжинд хүрч, Хятадын их жунтанд нүүр учирч, хэргийн талаар ярилцаж, “энэ хэргийг яарах явдал үгүй, хутагтын тааллаар” болно хэмээсэн үгийг их жунтангаас хэлүүлж чаджээ. Гэтэл Нийслэл хүрээнд Сюй Шү Жан хэмээх нэр гавьяа горилогч цагийг өрсөж шууд цэрэг оруулан, Ерөнхий сайд Бадамдорж нарыг айлган сүрдүүлж, Монголын төрийн эрхийг хязгаарлах бичигт сайд нараар гарын үсэг зуруулж чадсан байв. Үүнийг Богд хаан эрс эсэргүүцэн, тамга дараагүйг түүх гэрчилнэ.
Хятадын гамин цэргүүдийн гараас үтэр түргэн гарах арга эрэлхийлж, Богд Жавзандамба хутагт лугаа Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав, Да лам Пунцагдорж нарын хүмүүс шадарлаж байсан тухай Магсар хурц бичсэн буй. Үүний дараа Монголын зүүн хязгаараар Богд хааны урилгаар Оросын цэргийн генерал Барон Унгерн тэргүүлсэн цэргүүдээ авч, Монголд 1920 оны намар орж ирээд, Нийслэл хүрээг Хятадын Сюй Шү Жаны гамин цэргүүдээс 1921 оны хоёрдугаар сарын 4-нд чөлөөлжээ.
Олноо өргөгдсөний 11 дүгээр он Цагаан сарын 15 буюу 1921 оны хоёрдугаар сарын 22-нд Монголын төр улсыг дахин сэргээн, Богд Жавзандамба хутагтыг эзэн хааны ширээнд өргөмжилсөн байна. Монголын Нийслэл хүрээнд болсон, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны ширээнд өргөмжлөх төрийн их ёслолд Барон Унгерний удирдсан Азийн морин цэргийн дивизийн сүрт жагсаал болжээ. Монгол Улсын эзэн Богд хаан зарлиг буулгаж, төрийн таван яамыг хуучин хэвээр байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөн шийтгэх сайд бөгөөд Дотоод яамны тэргүүн сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг тохоон томилжээ.
1921 оны 2-7 дугаар сар хүртэл Богд хааны зарлигаар байгуулагдсан, Жалханз хутагт Дамдинбазарын тэргүүлсэн Засгийн газар улс орноо төвхнүүлэх, Бага болзоот хэмээх цаасан тэмдэгт гаргаж хэвлүүлэх, Нийслэл хүрээг цэвэрлэх, хот дотор хүн тээврийн автобус явуулах, Хүрээнээс Хаалганы хооронд хүн болон ачаа тээврийн машины цуваа явуулах зэрэг олон шинэ зүйлийг санаачлан хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэх, хил хязгаарыг сахин хамгаалах талаар ихэд анхаарч байсан нь түүхийн архивын баримтад тэмдэглэгдэн үлджээ.
Жалханз хутагт Дамдинбазар 1921 оны хавар Баруун хязгаарыг илбэн тохинуулах ажлаар өөрийн шавь нар ихээр суудаг хязгаарт явсан билээ. Цагийн ороо бусгаа, улс орны баруун хязгаар тайван бус байсан, дээр нь бие алжаалтай зэрэг олон шалтгааны улмаас нутаг орондоо түр саатаж байсан буй. Харин Монгол Улсын Ерөнхий сайдын хийгээд Дотоод яамны сайдын тушаал, тамгыг Манзушир хутагт Цэрэндоржид хамааруулсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн нь бий.
1921 оны долоодугаар сард Зөвлөлтийн улаан арми Монгол ардын журамт цэргийн хамтаар Нийслэл хүрээнд ирж, Богд хааны зарлигаар байгуулагдсан, Жалханз хутагт Дамдинбазарын Засгийн газрын эрхийг өөрийнх нь эзгүйд орлож байсан Манзушир хутагтаас хүчээр булаан авч, Монголд ардын засаг тогтов. Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо ердөө зургаахан сарын дараа өргөдлөө өгч, 1922 оны нэгдүгээр сард албанаас чөлөөлөгдөв.
Үндэсний архивын хөмрөгт Жалханз хутагтаас Авралт ламд хаягласан нэгэн захидал байх бөгөөд түүнд бичсэнийг үзвэл “Хүрээнээс Сангийн яамны тэргүүн сайд Данзан хэмээгч ирж, Ерөнхий сайд Бодоо бие өвдөж, албан чөлөө олгосны орныг Улсын хуралд хэлэлцэж, хутагт чамайг Ерөнхий сайд болгохоор зөвшөөрөн тогтов” гээд, “Гадаад, Цэрэг хоёр яамны сайдуудын захиатай ирсэн нь чухам тушаалын албан бичиггүй тул “эргэлзээтэй” байсан” хэмээн тэмдэглэжээ. Эл захидал хийгээд Монгол ардын намын Төв хорооны тэргүүлэгчдийн хурал, Засгийн газрын хурлын материал, Богд хаан лугаа харилцсан бичиг сэлтүүдээс үзвэл, Жалханз хутагтыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд урьсан тухай чухам үнэнийг өгүүлжээ. Зарим мэдээгээр Сангийн сайд Данзан өөрийн биеэр очиж, Жалханз хутагтад айлтгахаас өмнө түүнд Ерөнхий сайдын албан тушаалд ирэхийг санал болгосон гэсэн байдаг. Гэсэн ч тэрбээр хүлээж аваагүй тул ийнхүү Данзан өөрийн биеэр очиж, залсан хэмээдэг юм.
Жалханз хутагтын Авралт ламд бичсэн уг захидалд цааш өгүүлэхдээ “Богдоос дэргэдийн нэгэн донир зарж, хутагт намайг дараа Хүрээнд иртүгэй” хэмээснээр “явахыг шийдвэрлэн хурдан тэрэг жолооч авхуулахаар Хүрээнд хүн явсан нь эгж ирээгүй байна” гэсэн нь Ардын засгийн сайд Данзангийн өөрийн биеэр ирсэн хийгээд түүний үгэнд гэхээсээ илүүтэй Богд гэгээний элчийн үгэнд илүү итгэсэн болох нь илэрхий байна. Энэ бол Жалханз хутагт Ардын засагт шууд таатай хандаж байгаагүйн илрэл юм. Харин Богд хаандаа бол үнэнч, түүний зарлигийг дагаж байсан нь илт. Захидал бичсэн Авралт лам бол Жа лам Дамбийжанцан бололтой байна. Учир нь лам Дамбийжанцангаас Өршөөлт сайд Жалханз хутагт багш танаа хэмээн бичсэн нэлээд хэдэн захидал архивт хадгалагдаж байна.
О.Батсайхан (Төрийн шагналт, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор)
Үргэлжлэл бий.