“БоловсролМН” төслийн хүрээнд боловсролын салбар дундын бүртгэл, мэдээлэл солилцооны “Data exchange” платформыг хөгжүүлэн, өнгөрсөн есдүгээр сараас сургуулиудад нэвтрүүлж эхэлжээ. Боловсролын яам, Боловсролын мэдээллийн технологийн төв болон “Гэрэгэ эдтек” ХХК-ийнхан уг төслийг 2020 оноос хамтран хэрэгжүүлж, үүний үр дүнд dash.edu.mn системийг хөгжүүлж, сайжруулсаар буй аж. Одоогоор ерөнхий боловсролын дөрвөн төрлийн мэдээллийг энэхүү “Data exchange”-ээр хянаж, мэдээлдэг болсон байна. Тодруулбал, ном, сурах бичгийн цахим бүртгэл, хяналт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим тэжээл, сургууль, цэцэрлэгийн сургалт, удирдлагын болон суралцахуйн нэгдсэн системийг хөгжүүлэн, өгөгдлүүдээ “өрж”, цуглуулсаар байгаагаа албаныхан хэлсэн. Үүний үр дүнд эцэг, эх, асран хамгаалагчид эхний ээлжид хүүхдийнхээ үдийн хоол, сурах бичгийн хэрэглээ, түрээс, ирцийн мэдээллийг хянах боломж бүрджээ. “Гэрэгэ” аппликейшнийг та гар утсандаа татаж аван, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, сурах бичгийн түрээс зэрэг шаардлагатай төлбөр тооцоогоо хийх боломжтой.
Ташрамд дурдахад, “Data exchange” платформд өнгөрсөн есдүгээр сараас хойш сурагчдын 6.7 сая удаагийн ирцийг бүртгэн, 83 486 сурагч 1 174 316 ширхэг сурах бичиг түрээсэлснийг хадгалж, хянаж байна. Түүнчлэн уг платформыг энэ сарын 1-нээс цэцэрлэгүүдэд нэвтрүүлж эхэлсэн гэнэ. Ингэснээр эцэг, эхчүүд тухайн сард хүүхдийнхээ “алба”-нд явсан өдрөөр тооцож, хоолны төлбөрийг нь төлөх, цэцэрлэг нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний захиалга, зарцуулалт, хоолны үлдэгдэл, нэгж өртгийг хянаж, шим тэжээлийн тэнцвэртэй цэсийг төлөвлөх гэх мэт олон төрлийн далд мэдээллийг уг системийн тусламжтайгаар ил тод болгож буй аж.
О.Ундрах