Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ танхимынхан энэ сарын 14-нд анхдугаар хуралдаанаа хийсэн билээ. Тус хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгосон. Мөн нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Төлөөлөгчдийн олонх нь түүнийг томилохыг дэмжсэнээр Х.Нямбаатар хотын даргаар улиран ажиллахаар болсон. Нийслэлийн Засаг дарга эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоороо Т.Даваадалайг томилох шийдвэрийг өчигдөр гаргажээ. Мөн нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор А.Амартүвшинг томилсон байна.
Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй бөгөөд 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгсжээ. Мөн 2015-2017 онд Австрали улсын Күинслэндийн их сургуульд инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан гэнэ. Ажлын гараагаа 2011 оноос “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс эхлүүлжээ. 2016 оноос хойш хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд удирдах албан тушаал хашсан байна. 2021 оноос хойш өдий хүртэл “Бодь интернэшнл” компанийн “Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” төсөл хариуцсан захирал, “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байв. Т.Даваадалай нь нийслэлийн ИТХ-ын сонгуулийн IV тойрогт буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, 16 577 иргэний саналаар сонгогдсон.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшингийн тухайд эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуульд улс төр, гадаад судлалын бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуульд гадаад харилцааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан аж. 2008 онд УИХ-ын Тамгын газрын Захиргааны хэлтсээс ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуулийн VIII тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, 27 155 хүний саналаар сонгогдсон юм. Тэрбээр 2016 оноос өдий хүртэл Хан-Уул дүүргийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллажээ. Ташрамд дурдахад, өмнө нь нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Н.Мандуул, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаяр нар ажиллаж байв.