УИХ Эрүүгийн хуулийн авлигатай холбоотой заалтуудад 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт оруулж баталсан. Энэ өөрчлөлтийн гол үзэл санаа нь тухайн албан тушаалтны эрхэлсэн ажил, хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт нь хамааралгүй боловч нэр хүнд, нөлөөллөөрөө бусдад давуу байдал олгодог, үүнийхээ төлөө ашиг хонжоо олдог байдлыг таслан зогсооход чиглүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилладаг мөртлөө нэр хүндийн нөлөөллөөрөө өөрөө болон бусдад банкны зээл, концесс, тендер олгохыг шаарддаг. Энэ мэтээр төрийн өндөр албан тушаал хашиж буй нэр бүхий хүмүүс ЖДҮХС-гийн, Боловсролын зээлийн сангийн, Хөгжлийн банкны зээлүүдэд болон нүүрс тээвэрлэх гэрээнд нөлөөлснөөр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байв. Мөн төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнууд болон шууд болон шууд бус гэрээ байгуулдаг эрх бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдох нь ихэссэн. Нөгөөтээгүүр заавал мөнгө авч өгөлцсөн, эдийн бус давуу байдал олгосныг хахууль гэж үзэхээс гадна шаардсанаар гэмт хэрэг үүсдэг болж шүүх дээр үүний дагуу хуулийг хэрэгжүүлээд эхэлсэн. Жишээ нь, гаалийн байцаагч “Таныг 50 саяар торгох байсан, гэхдээ таван саяыг өгчих” гэж шаардсан бол ял авна.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл “нийтийн албан тушаалтан хахууль авах”, 22.5 дугаар зүйл “хахууль өгөх”, 22.13 дугаар зүйл “хахууль авах” гэмт хэргийн хуулийн зохицуулалт өнөөдөр хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэг нь бас сонин.
Хамгийн сүүлийн жишээ дурдахад, энэ сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Тэрбээр уг албан тушаалд саяхан томилогдсон бөгөөд өмнө нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байхдаа буюу 2020 онд уг барилгын тендертэй холбоотой 16 тэрбум төгрөгийн таван хувь буюу 800 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Өнгөрсөн дөрвөн жилд тухайн хэргээр шалгагдаж, гэрт нь хийсэн нэгжлэгийн үеэр бэлэн мөнгө, алт, үнэт эдлэл зэрэг эд мөрийн баримт илэрч байсан бөгөөд нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг албан тушаалын байдлаараа дарамталж, хясан боогдуулж ашиг олдог байсан гэх мэдээллийг баттай эх сурвалжууд өгч байна.
Урьдчилсан байдлаар түүнд Эрүүгийн хуулийн 22.4 буюу хахууль авах, 22.10 буюу үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн зүйл ангиудаар шалгаж буй бөгөөд шалгалтын явцад нуугдмал хөрөнгө буюу хууль бус орлогоороо мөнгө угаасан, хувьцаа авсан зэрэг байдал тогтоогдсон тохиолдолд ногдох ялын хэмжээ улам нэмэгдэх магадлалтай. Түүний авсан 55 сая төгрөгийн хахууль нь “их хэмжээний хохирол”-д багтах бөгөөд зөвхөн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт зориулж их хэмжээний хохирлыг 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байхаар хуульд тусгасан байдаг. Энэ нь 100 сая төгрөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгээс бусад зүйл заалтад “Их хэмжээний хохирлыг 50 мянган нэгжтэй тэнцэх төгрөг, түүнээс дээш хэмжээг, үлэмж хэмжээний хохирлыг 10 мянган нэгж, бага хэмжээний хохирлыг 300 нэгж, түүнээс дээших хэмжээг ойлгоно” гэж заажээ.
Үүний өмнө ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хувийн болон улсын эмнэлгээс даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой эх үүсвэрийг хуурамчаар ихэсгэсэн, хясан боогдуулах замаар дөрвөн удаагийн үйлдлээр ашиг хонжоо олж байсан, хамгийн сүүлд энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр 200 орчим сая төгрөгийн хахууль авсан хэрэгт үйлдэл дээрээ баригдсан. Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлийн тайлбар хэсэгт зааснаар улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарч байгаа тул эмнэлгүүдээс хахууль авсан хэрэгтээ дор хаяж 12 жилийн ял авч болзошгүй нь.
Дээрх хоёр хэргийн аль аль нь их хэмжээний авлигын хэргийг, зохион байгуулалттайгаар үйлдсэн, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон болон хясан боогдуулах замаар ашиг хонжоо олсон үйлдэлд хамаарч байна.
Дараагийн асуудал нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудад холбогдох авлигын хэргүүд хэрхэн шийдэгдэж байна вэ? УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг эс тооцвол улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд авлигын гэмт хэрэгт холбогдуулан ял шийтгэх байдал тун өрөөсгөл байгаа нь олон нийтийн итгэлийг алдахад хүргэж байна. Шүүхийн шийдвэрт хэн нэгэн этгээд, улс төрийн албан тушаалтан, бусад институц нөлөөлөх ёсгүй хэдий ч Хөгжлийн банкны болон “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон цөөнгүй улс төрч өнөөдөр хариуцлага хүлээгээгүй төдийгүй улс төрийн сонгуульд оролцож дахин сонгогдоод төрийн өндөр алба хашиж байна.
УИХ 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нар хамаарахаар заасан.
Мөн Эрүүгийн хуулийн 22.4.3-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 12-20 жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж өөрчилсөн. Харин улс төрд нөлөө бүхий этгээдээс бусад нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Үүнээс гадна нийтийн албан тушаалтнуудад энэ хуулийн үйлчлэл хамааралтай бөгөөд ял шийтгэгдэх тохиолдол ч нэмэгдсээр байна. Жишээ нь, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа-зохицуулагч, ахлах ахлагч Г.Н нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа нэр бүхий иргэнээс 60 мянган төгрөгийн хахууль авсан хэрэгт Баянгол дүүргийн шүүхээс хоёр жил, харин хахууль өгсөн иргэн Н нь нэг жил хорих ялаар шийтгүүлсэн байна.
Мөн Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Ч.Н нь иргэн Н.А-ийн малчнаар тэтгэвэрт тогтоолгох хүсэлтийг хянах явцдаа буюу 2023 оны дөрөвдүгээр сард түүний төрсөн охин А-аас 800 мянган төгрөгийн хахууль авсан хэрэгтээ нэг жил нэг сарын хугацаагаар хорих жилийн ялаар шийтгүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа- зохицуулагч П.А нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд дүрэм зөрчсөн иргэнээс 80 мянган төгрөгийн хахууль авсан хэрэгт шүүхээс нэг жил хорих ялаар шийтгүүлсэн. Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад тухайн үед нь мэдэгдсэн тохиолдолд ялаас чөлөөлөгдөх боломжтой. Учир нь уг хуулийн 22.5-д “хахууль өгөх гэдэг” зүйлийн тайлбарт “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлнө. Хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Гэхдээ хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно.
Хэдийгээр авлигын гэмт хэргийн эсрэг хуулийн заалтууд хэрэгжиж эхэлснээр үр дүнгээ өгч буй боловч байн байн, “дусал дуслаар” Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуулийн энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой заалтуудад өөрчлөлт оруулаад байх уу, эсвэл урт настай, чанартай сайн хууль батлах уу гэдгээ эргэж харах шаардлагатай. Амьдрал баян, хууль мөнхийн хөдөлгөөнтэй байх ёстой гэдэг ч төрийн болон нийтийн албан тушаалтнууд, мөн улс төрд нөлөө бүхий этгээдүүд хуулиа ягштал мөрддөг байх үүднээс байнга судалсан байх учиртай. Нөгөөтээгүүр, ашгийн төлөө ажиллах уу, өргөсөн тангарагтаа үнэнч байх уу гэдэг сонголтоо хийж байж төрийн алба хаших ёстойг дээрх бодит жишээнүүд харуулж байна.
У.Оргилмаа