Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээний гишүүдийг чадавхжуулах хөтөлбөрийг ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн баасан гарагт албан ёсоор эхлүүлэв. Үүний хүрээнд Монголын хуульчдын, Монголын шүүгчдийн, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Хэвлэлийн хүрээлэн, “Эмнести интернэшнл”, “Глоб интернэшнл” төв, Хууль зүйн нийгэмлэгийн хуульчдын төлөөллийг сургалтад хамруулжээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хязгаарын талаарх Монголын эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал, мэдээлэл авах эрх чөлөө ба Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хуульчид сонсжээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн тойм, түүний хэрэгжилтийн талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүлсэн аж. Дээрх хөтөлбөрийн хүрээнд цаашид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх олон улсын хэм хэмжээний талаар болон сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр цуврал сургалт явуулах гэнэ. Мөн Хэвлэл мэдээллийн эрх зүйн форумыг ирэх сарын 1-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.