ОХУ-ын Чечень улсын алдарт бүжигчин, бүжиг дэглээч Махмуда Эсембаевын нэрэмжит, олон улсын мэргэжлийн гоцлол болон хослол бүжигчдийн 15 дахь удаагийн уралдаанд Үндэсний урлагийн их театр (ҮУИТ)-ын уран бүтээлчид амжилттай оролцжээ. Тус театрын уран бүтээлч А.Түвшинбаяр, Б.Мөнхжингоо нар хослол бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.
Тэд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаярын хөгжим, С.Цэцгээгийн дэглэсэн “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн “Хайрын адажио”-гоор уг уралдаанд оролцсон аж. Түүнчлэн бүжиг дэглээч Х.Хашхүүгийн “Наадъя” биелгээ бүжгээр өрсөлджээ.