Үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах “OMC hairworld” тэмцээнээс Монголын эрэгтэйчүүдийн багийнхан алтан цом хүртлээ. Уг тэмцээн нь Францын Парис хотод энэ сарын 12-14-нд болж, 50 гаруй улсын 2000 орчим үсчин, гоо сайханч оролцжээ. Визийн асуудлаас шалтгаалан манай улсын зарим оролцогч Франц руу явж чадалгүй үлдэж, 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр эл тэмцээнд өрсөлдсөн гэнэ. Улмаар үс засалтын эрэгтэйчүүдийн багийнхан уг тэмцээний аваргын алтан цомыг анх удаа авчээ. Эрэгтэйчүүдийн багт С.Мөнхнасан, Т.Энх-Ялалт, Г.Ганцоож зэрэг зургаан хүн багтжээ.
Манай оролцогчдоос нэг нь тэргүүн байр, дөрөв нь мөнгөн медаль, гурав нь хүрэл, зургаа нь тусгай байрын эзэн болсон аж. 2021 онд эл тэмцээнээс нүүр будалтын төрөлд анх удаа аваргын цомыг авчирсан Б.Энхцэцэг энэ удаа хуримын нүүр будалтаар дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
А.ҮҮЛ