Хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор гэр хорооллын айл өрхийн гэр, байшин, хашаа, орон сууцын хорооллын хогийн суваг, цэг шатсан гэх дуудлага нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхэлснээ нийслэлийн Онцгой байдлын газраас өчигдөр мэдээлэв. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, дуудлагын тоо, хохирлыг бууруулах нь уг аяны зорилго юм байна. Тиймээс гал түймрийн эрсдэл өндөртэй хороодын иргэдэд урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, хяналт шалгалт зохион байгуулан, зөрчил арилгуулах мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд энэ он гарснаас хойш гал түймрийн 1451, эрэн хайх, аврах ажиллагааны 456 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Гал түймрийн 40.3 хувь нь гэр хорооллын айл өрхүүдэд гарсан гэнэ.