Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабадад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоод ирэв. Тэрбээр энэ үеэр хөрш орнуудын Засгийн газрын тэргүүнүүдтэй гурван талт уулзалт хийсэн. Мөн ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй ганцаарчлан уулзжээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд хамтын ажиллагааныхаа хүрээнд эдийн засаг, худалдаа, банк санхүү, зам, тээвэр, эрчим хүчний салбарт хийхээр тохирсон тодорхой ажлуудаа урагшлуулах талаар санал солилцсон байна. Тодруулбал, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан барих төслийг эрчимжүүлэхийг санал болгожээ. Мөн Монгол, Орос, Хятад гурван улс хамтран шинэ төмөр зам барих төслийг эхлүүлэх, ачаа тээврийн хэмжээг жилд 60 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжтойг онцлов.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулах аж. Энэ нь Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд тэмдэглэжээ. Бас Эгийн голын усан цахилгаан станцын төсөлтэй холбогдуулан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг Монгол, Орос хоёр улсын эрдэмтэн, судлаачид хамтран хэрэгжүүлэхээр болсныг дээрх уулзалтаар сануулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Засгийн газрын тэргүүн Шехбаз Шарифтай мөн уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө цаашид анхаарч ажиллахаа тэмдэглэлээ. Тэр дундаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар Засгийн газрын тэргүүнүүд санал нэгдсэн аж. Тухайлбал, Монголоос Пакистан луу мах, ноос, ноолуур, арьс, шир, Пакистанаас Монгол руу оёмол, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэнэ.
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал хэлжээ. Мөн хоёр улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, визийн хөнгөлөлт үзүүлэх талд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүссэн байна. Тэрбээр Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд, бодит ажил хэрэг болгох талд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистанд ажиллах үеэрээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж, Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил амжилттай урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэн, энэхүү төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлж дуусгах талд хоёр улс нягт хамтран ажиллахаар тогтов. Мөн Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг 2025 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ.
М.Гэгээ