Азийн шилдгүүдийг тодруулдаг “Кnights аward” ёслолын каунтри дуучин шагналыг О.Энх-Эрдэнэ хүртлээ. Тэрбээр шагнал хүртэхдээ “Авьяаслаг монголчууд-2016” нэвтрүүлгийн ялагч Энх-Эрдэнэ байна. Каунтри болон жазз хөгжим надад аз жаргалыг мэдрүүлдэг. Хөгжмөөс авдаг сайхан мэдрэмжээ бусад хүмүүст ч хүргэхийг хүсдэг. Хүмүүс энэхүү урсгалыг илүү ойлгоосой. Бас миний дуунуудаас урам зориг, итгэл үнэмшил аваасай. Энэ л миний дуулдаг шалтгаан. Та бүхэнд маш их талархаж байна” хэмээсэн юм. Бүтээн байгуулалт, бизнес, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулдаг “Кnights аward” ёслол уржигдар Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотод болсон.
О.Энх-Эрдэнэ нь “America’s got talent: Fantasy league-2024” шоуны хагас финалын шатанд шалгарч байсан. Түүний хоолойг тус шоуны шүүгчид “гайхамшигтай” хэмээн дүгнэж байв. Мөн Америкийн CBS телевизийн “The world’s best” шоу нэвтрүүлэгт 2019 онд оролцож, шилдгүүдийнх нь эгнээнд багтаж байсан удаатай. Хэдий англиар ярьж чадахгүй ч дуу хоолойных нь хүч тус шоуны шүүгчдийг төдийгүй үзэгчдийг алмайруулсан талаар гадаадын хэвлэлүүдэд тухайн үед онцолсон билээ.
Түүний хувьд өнгөрсөн онд “Амьдрал баян” цомгоо олны хүртээл болгосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард анхны бие даасан “Амьдрал баян” тоглолтоо хийсэн аж. О.Энх-Эрдэнэ “Арван тавны саран” дууг өөрийн хэв маягт тохируулан дуулсан нь хит уран бүтээлийнх нь нэгт тооцогдож байна. Мөн дуучин ВХ буюу Ц.Батбаатарын “My love” дууг сэргээн дуулсан нь өдгөө цахим сүлжээнд “од” болоод буй.
А.ҮҮЛ