Адуун соёлын их наадам “Агтана хүрээт”-ийг ирэх сарын 16, 17-нд долоо дахь удаагаа зохион байгуулахаар болсныг Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлэв. Энэхүү наадам нь монгол адуутай холбоотой соёл, уламжлалыг сурталчлан таниулах зорилготой бөгөөд Шилийн богд уулын энгэрт болдгоороо онцлог.
Анх “Агтана хүрээт”-д зүүн аймгийн адуучин эрс, иргэд оролцдог байсан бол сүүлийн жилүүдэд Монгол орны өнцөг булан бүрээс, тэр ч бүү хэл, хөрш зэргэлдээ орны залуус ч зорин ирэх болжээ. Өнөө жил гэхэд БНХАУ-ын ӨМӨЗО-оос уяач, адуучид оролцохоор бүртгүүлсэн аж. Наадмын үеэр Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей, “Жаахан шарга” театрынхан урлагийн тоглолт, эд өлгийн зүйлс, үзмэрүүдээ гадаад, дотоодын жуулчдад толилуулж, адуун соёл болон шилийн сайн эрсийн түүх домгийг алдаршуулдаг уламжлалтай. Долоо дахь удаагийн наадмын хөтөлбөрийг олон арга хэмжээгээр баяжуулахаар ажиллаж байгааг зохион байгуулагчид нь онцолжээ.
Ж.СУВД