Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 21, 22-нд “Аниргүй нулимсыг хайрлахуй” хэмээх мюзиклийг амилуулах гэж байна. Дэлхийн шилдгүүд буюу “Оскар”, “Грэмми”, “Тони”, “Эмми”-гийн шагналт уран бүтээлчид хамтарч, одоогоос 12 жилийн өмнө бүтээсэн “Loving the silent tears” мюзиклийг АНУ-ын Лос-Анжелес хотын алдарт “Шрайн аудиториум” концертын танхимд анх нээж, ганцхан удаа тоглохдоо үзэгчдийн сэтгэлд хүргэсэн гэдэг.
Дэлхийн хүмүүнлэгийн үйлстэн, уран бүтээлч Чин Хайн “Аниргүй нулимс” яруу найргийн номоос сэдэвлэсэн эл бүтээлийн албан ёсны эрхийг авч, Монгол Улсад С.Баттулгын шинэчилсэн найруулгаар толилуулах гэж буй нь энэ. Их далайг гатлан, олон бээр газрыг туулж цаг хугацааны хязгааргүй орчилд, оюун санааны дотоод амар амгалангаа хайж буй хүний аяллын тухай өгүүлэх эл мюзикл 16 орны соёл, ёс заншил, уламжлалын онцлогийг дуу хөгжим, бүжгээр уран яруу, гүн гүнзгий төгс илэрхийлэхдээ театрын урлагийн гайхамшигтай хослуулсан нь онцгой болгожээ.