Саймон Жонсон
Саймон Жонсон 1963 онд Англид төрсөн Британи-Америкийн эдийн засагч, 2007-2008 онд Олон улсын валютын сан (ОУВС)-гийн эдийн засагчаар ажиллаж байсан профессор хүн юм. Нобелийн шагнал түүнд хүртээх шийдвэр гаргах үед Массачусетс, Кембрижийн их сургуульд ажиллаж байв. Оскфордын их сургуульд эдийн засаг, улс төрийн ухааны бакалавр, Манчестрийн их сургуульд эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. 1989 онд “Ханшны уналт, зуучлал хийгээд эдийн засгийн үйл ажиллагаа” сэдвээр Массачусетсийн технологийн хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан. 2007 оноос ОУВС-гийн ерөнхий эдийн засагч, эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн захирлаар, харин одоо Массачусетсийн технологийн хүрээлэнд профессор, Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, АНУ-ын Конгрессийн төсвийн удирдах газарт зөвлөх хийж байна.
ДАРОН АСЕМОГЛУ
Дарон Асемоглу нь 1967 онд Истанбулд төрсөн, Турк-Америкийн эдийн засагч, Йоркийн их сургууль, Лондоны эдийн засгийн сургуульд сурч, докторын зэрэг хамгаалжээ. Одоо Массачусетсийн технологийн хүрээлэнгийн профессор юм. Өдгөө Массачусетсийн технологийн болон Кембрижийн их сургуульд ажиллаж байна. 1986 онд Галатасарайн лицейг төгсөж, 1990-1992 онд Лондоны эдийн засгийн сургуульд магистр, докторын зэргээ хамгаалжээ. 2004 оноос Массачусетсийн технологийн хүрээлэнгийн хавсарга эдийн засгийн салбарт профессор, 2006 оноос Америкийн урлаг, шинжлэх ухааны академийн, 2014 оноос Үндэсний ШУА-ын гишүүнээр ажиллаж байв.
Жеймс Робинсон
Америкийн эдийн засагч, улс төр судлаач, Лондонд сурч, Йелийн их сургуульд докторын зэрэг хамгаалаад дараа нь Харвардын их суруульд багшилсан. Одоо Чикагогийн их сургуульд профессор, эдийн засгийн хөгжилд институтийн гүйцэтгэх үүргийг судлаачийн хувьд толгой цохигчдын нэг. Жеймс Робинсон 1960 онд төрсөн, өдгөө Чикагогийн их сургуульд ажиллаж буй. 1992-1995 онд Австралийн Мельбурний их сургуульд багшилж байгаад 1999-2004 онд Калифорнийн их сургуульд ажиллав. 2004-2005 онд Харвардын их сургуульд мөн багшилжээ.
Зарим улс яагаад баян чинээлэг, хөгжил өндөртэй байхад нөгөө хэсэг нь өнгөрсөн үетэйгээ зууралддаг вэ. Дэвшил, шинэ технологи зарим үндэстнийг хөгжил цэцэглэлтэд хүргэддэг, заримд нь ийм нөлөө үзүүлэхгүй байгаагийн учрыг дэлхий дахинд ойлгуулж өгсөн Дарон Асемоглу, Жеймс Робинсон, Саймон Жонсон нарт 2024 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг өгөхөөр шийдвэрлэжээ. “Тухайн улс хөгжиж дэвшихэд нийгмийн институтүүд ямар чухал болохыг тэд зааж өглөө. Эмх журам тогтоогүй, эрх баригчид нь хүн амаа дарлаж мөлждөг нийгэм хөгждөггүй, сайжирч өөрчлөгддөггүй. Яагаад гэдгийг шагнал хүртэхээр тодорсон судлаачид бидэнд ойлгуулж өглөө” гэж Шведийн Шинжлэх ухааны академи тэмдэглэсэн байна. Ардчилсан орнууд хөгжил дэвшилд хүрэхэд нийгмийн институт ач тус хүргэж буйг Асемоглу болон түүнтэй хамтрагч хоёр судлаач нэг бус удаа нотлоод байхад Өрнөдийн зарим улс төрч тэдгээр институтэд дарамт үзүүлэх гэж оролдох нь нэмэгдэж буй нөхцөлд энэ жилийн Нобелийн шагнал чухам эзнээ олсон гэлтэй. Иргэдийн үндсэн эрхийг зөрчиж, шүүх болон хэвлэлийн бие даасан байдал руу давшилж байна хэмээн Унгар, Польш зэрэг улсыг Европын Холбоо буруутгаж буй. Ийм дайралт довтолгоог Британийн эрх баригчдын зүгээс үзүүлж, эсэргүүцлээ илэрхийлэх эрхийг Засгийн газар нь хязгаарлаж, парламент, Дээд шүүхдээ нөлөөлөхийг ч оролдож байгаа юм.
Асемоглу, Робинсон хоёр “Яагаад зарим орон баян, зарим нь ядуу байна вэ” гэдэг бестселлер болсон номоо 12 жилийн өмнө хэвлүүлжээ. Асемоглу “Эрх мэдэл, дэвшил” гэдэг номоо Саймон Жонсонтой хамтран бичиж өнгөрсөн онд уншигчдад хүргэсэн байна. Техникийн дэвшил яагаад амьдралын чанарыг сайжруулж, эрх чөлөөг бэхжүүлэхэд тэр болгон хүргэдэггүй тухай энэ номд өгүүлжээ. Хиймэл оюун ухаан хөгжиж, технологийг түлхүү хэрэглэх замаар нийгмийн сүлжээгээр дамжиж хүмүүсийн ухаан санаанд нөлөөлж буй эрин үед энэ асуудал хэзээнээс илүү чухал болж байна.
Нобелийн хорооны үзэж буйгаар дарангуйлагч, ганцаар захирах тогтолцооны нөхцөлд эдийн засаг суларч, зөвхөн эрх баригчид нь хөрөнгөжөөд, ардчилалд шилжихээр хүмүүсийн амьдрал сайжрах боломж нэмэгдээд байдгийг Асемоглу хамтрагч нартайгаа тайлбарласан нь энэ шагналыг авахад хүргэжээ.
Эдийн засаг бол залуу шинжлэх ухаан учраас Альфред Нобелийн гэрээслэлд түүний тухай дурдсангүй. Эдийн засгийн салбарт олгох шагналыг Шведийн Төвбанк 1968 онд бий болгож, 300 жилийнхээ ойгоор Нобелийн санд ихээхэн мөнгө хандивласан байна. Тиймээс энэ шагналыг Нобелийн нэрэмжит биш ч гэлээ түүнийг Нобелийн шагнал эрхлэх хороо, уг шагналыг гардуулах ёслол дээрээ олгодог юм. Эдийн засгийн салбарын энэ шагналыг нэг сая ам.доллар, алтан медаль дагалддаг. Шагналын эзнийг Шведийн ШУА сонгодог.
Энэ гурван хүний судалгааны болон бүтээлийнх нь утга агуулгыг товчоор хураангуйлан илэрхийлбэл, улс төр, эдийн засгийн институтүүд үндэстэн угсаатны хөгжлийг тодорхойлж байдгийг нотолсон байна. Эд “институт” гээд байгаа нь хууль, дүрэмж журам, төрийн тогтолцоо аж. Энэ бүхэн л эдийн засгийн үр дүнд онцгой үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тухайлбал, эрх зүйн шударга тогтолцоотой, тунгалаг Засгийн газартай, хувь хүний эрхийг хамгаалдаг улс эдийн засгаа өсгөнө гэж тооцоолж болох нь.
Эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаанд хүмүүсийг чөлөөтэй оролцох боломжийг олгодог нийгэм л өсөж хөгжих таатай орчин бий болгодог аж. Хувийн өмчтэй байхыг дэмжиж, өрсөлдөөнийг урамшуулж, хууль дээдлэх ёсыг шударгаар хангаж байж эдийн засгийн дэвшилд хувь нэмрээ оруулах хүний тоог нэмэгдүүлж, үр дүнг нь хүртэх болно. Институтүүд нь ховор, зоргоороо байгаа улсад эд баялаг нь ихэнхдээ цөөхөн гарт төвлөрдөг байна.
Энэ оны Нобелийн шагналыг Асемоглу, Жонсон, Робинсон нарт олгохоор болсныг эдийн засагч Андрей Мовчан дүгнэхдээ Асемоглу нь дэлхийн шилдэг мэргэжилтний нэг, эдгээр эдийн засагчдын судалгаа макро эдийн засгийн үйл явцын тухай ойлголтыг хамтын нийгэмлэгт түгээн дэлгэрүүлснээр улс төрийн ямар бүтэц сайн, ямар нь муу болохыг ухаарахад ихээхэн түлхэц болжээ. Тухайлбал, Хятад улс жилд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 600 ам.долларт хүргээд хөгжил нь өсөлтийн таазандаа тулж, яагаад цааш ахихаа болив. Түүнчлэн гурав дахь ертөнцийн олон орон, түүний дотор колони байсан улсууд одоо хөгжихгүй байгаа тухайд тэдний ажил бидэнд тодорхой ойлголт өглөө. Дэлхий дахинд зохицуулах чадвар өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд шагнал авч буй гурван эрдэмтэн-судлаачийн онолын ач тус улам бүр нэмэгдэв.
Тэдний ажил улс орон тус бүрт олон нийтийн институт чухал болохыг ойлгоход бидэнд тусалж байна. Хууль сул, олон нийтийн институт нь хүн амаа мөлждөг орнуудад эдийн засгийн өсөлт юм уу, сайжрах тийш чиглэсэн өөрчлөлтийг өдөөж сэргээхгүй байгаа. Үүнийг ойлгоход шагналтнуудын судалгаа бидэнд тусалсан.
Нобелийн гэж нэрлээд байгаа эдийн засгийн салбарынханд олгож буй шагнал үнэндээ Альфред Нобельд хамаардаггүй. Тэгэхдээ бий болгосноос нь хойш жил бүр тасралтгүй олгож байгаа юм. Уг шагналыг 1969-2024 онд 56 удаа олгожээ. Эдийн засгийн салбарын шагналыг хүртэгсдийн дийлэнх нь АНУ-ын иргэд, Оросоос ганц хүн байдаг нь Леонид Канторович. Тэрбээр 1975 онд энэ шагналыг хүртжээ.