Энэ сарын 19-20-нд шилжих шөнө нийт нутгаар цас орж, хүйтний эрч бага зэрэг чангарлаа. Цаг уурын байгууллагаас өчигдөр мэдээлснээр Завхан, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Дундговийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумд 20 хүртэл см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Ялангуяа Баянхонгор аймгийн Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Жаргалант, Галуут сумд цас их орсон аж. Өчигдөр 15.00 цагийн үед Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын ихэнх, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр цас үргэлжлэн орж байлаа. Харин Дорноговь аймагт бороо орж байв. Цасны улмаас хаагдсан зам, даваа байхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Гэхдээ орон нутгийн авто замуудад халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул иргэд анхаарал болгоомжтой зорчиж, шөнийн цагаар хол замд гарахгүй байхыг Зам, тээврийн хөгжлийн төвөөс анхааруулав. Өнөөдөр төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, шуурахыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.
Улаанбаатарт өчигдрөөс эхлэн цас орж, хотын ихэнх хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор есөн дүүргийн хэмжээнд 900 гаруй албан хаагч 200 гаруй техник, хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гол гудамж зам, талбайг цэвэрлэж байгааг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн. Мөн автомашиныхаа зуны дугуйг өвлийнхөөр солихыг жолооч нарт холбогдох байгууллагынхан зөвлөлөө.