Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Иргэд, олон нийтийн дунд “муу нэр, луу данстай” ч улс төрд дархлагдсан нэгэн гэлтэй өндөр албан тушаалуудад тохоон томилогддог, өөртэй нь холбоотой саар муу бүхнийг хөшигний цаанаас няцааж, хууль, шүүхийн байгууллагын хараа хяналтаас холуур өнгөрдөг улс төрч бол С.Амарсайхан. Эгэл жирийн уурхайчдын гэр бүлд, их уурхай түшиглэсэн жижиг сууринд төрж өссөн хэмээн намтар, танилцуулгаа чимдэг түүний улс төрийн замнал 2012 оноос эхэлжээ. Тэрбээр 2012-2019 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, даргаар ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын 33 дахь захирагчаар сонгогдсон билээ. Үүнээс жил гаруйн дараах УИХ-ын ээлжит сонгуулиар алслагдсан гурван дүүргээс сонгогдон парламентын гишүүн болсон. Улмаар 2021 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж буй. Тэрбээр ес дэх удаагийн парламентын сонгуульд хоёрхон мандаттай тойрог болох Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нэрээ дэвшүүлж, ямар ч өрсөлдөөн, саадгүйгээр сонгогдсон юм. Ингэснээр 126 гишүүнтэй шинэ парламентад багтаж, Шадар сайдынхаа албыг ч үргэлжлүүлэхээр үлдэж чадсан. Ерөөс түүнийг өнөөгийн албан тушаалын өндөрлөгт хүрэхэд нийслэлийн алслагдсан дүүргийн иргэд, ялангуяа налайхчууд гол дэмжлэг үзүүлсэн гэж хэлж болно. Тэр ч “Налайхын унаган хүү” гэдэг имижээр тойргийнхноо “тархидах” арга барилд хэдийн гаршсан нэгэн.
Албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа урвуулан ашигласан гэх хэл ам, шүүмжлэл С.Амарсайханаас салдаггүй. Түүний хамаарал бүхий этгээдүүдийнх нь компани дархан цаазат Богдхан уулыг орон сууцын барилга, байгууламжаар дүүргэж буйг хэвлэлүүд баримттайгаар ил болгосон. Төрсөн ахынх нь компани гэхэд аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа барилга барихын тулд Туул голын бургасыг хайр найргүй хядаж, экологид 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тухайн үеийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат олон нийтэд мэдээлж байв. Ингээд тэрбээр “бургас хядагч” хоч зүүсэн. Дараа нь Улаанбаатарыг усан оргилууртай болгоно гээд төв талбайн урд хэсгийг 3.2 тэрбумаар цементэлж орхисон юм. Үр дүнд нь нийслэлчүүд гараар усаа зөөдөг, ажиллагаагүй усан оргилууртай үлдсэн. Түүнчлэн Улаанбаатар хотод агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл санаачилж, улсын төсвөөс багагүй мөнгө урсгасан нь одоо ч ажил хэрэг болоогүй. Мөн хотын даргын суудлаас буухдаа тойрон хүрээлэгчид, ойр дотнынхоо хүмүүст дэмжлэг нэрийн дор нийслэлийн төсвөөс тэрбум орчим төгрөг тараасан нь нийгмийн сүлжээнд баримттайгаа дэлгэгдсэн.
Тэрчлэн Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын өндөр бөгөөд хариуцлагатай албан тушаалыг хашиж байхдаа цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм зөрчин “эрх” эхнэрээ ХӨСҮТ-ийн улаан шугам давуулсан, хүүгийнхээ гадаадад сурах төлбөрийг Боловсролын зээлийн сангаас “гаргуулсан” гээд дурдвал түүнтэй холбоотой паян дуусахгүй. Тиймээс л түүнийг “муу нэрт” гэж тодотгож буй юм. Хариуцсан салбарынх нь алба хаагчид онцгой тарчиг хангамжтайгаар онцгой байдлын үед үүрэг гүйцэтгэж, удирдлагуудынхаа буруу шийдвэр, хариуцлагагүй байдлаас болж амиа алдсан явдал сүүлийн жилүүдэд цөөнгүй гарсан. Энэ үед олон нийт түүнээс хариуцлага нэхсэн ч тэр эцсийн мөч хүртлээ “арьсаа хамгаалсан”. Ийм л хүнд налайхчууд хоёронтоо итгэл хүлээлгэж, парламентад илгээсэн нь хачирхалтай. Засгийн газрын тэргүүн ч юу бодож, ямар талаас нь үнэлж, сайдын албан тушаалд улираасан нь тун сонирхолтой.
Н.ГАН