Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын удирдлагууд орон нутгийн сонгууль болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийв. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд тус нам 220 төлөөлөгчөө нэр дэвшүүлснээс дөрөв нь сонгогдсон юм байна. Тус намынхан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын сонгууль хуучин системээр, будилаантай явагдсанд шүүмжлэлтэй хандсан. Сонгогчдын 20 хувийн санал авсан нам нийт төлөөлөгчийн 90 хувийг бүрдүүлнэ гэдэг байж болохгүйг онцлов. Тиймээс энэхүү хоцрогдсон системийн гажуудлыг арилгахын төлөө ажиллана гэдгээ мэдэгдэв.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Манай нам өчигдөр 10 орчим асуудлаар хуралдсан. Тухайлбал, намын үзэл баримтлал, дүрэм, зохицуулалтаа дотооддоо сайжруулах чиглэлээр ажлын хэсгүүд байгуулсан. Ирэх сарын 26-наас арванхоёрдугаар сарын 2-нд Дэлхийн либерал ардчилсан намуудын холбооны 64 дүгээр их хурлыг Өмнөд Америкт зохион байгуулахаар болжээ. Улс төрийн 190 орчим нам оролцохоор бүртгүүлсний дотор ИЗНН багтсан. Тус хуралд холбооны гишүүн намын хувиар оролцож, гадаад харилцаагаа идэвхжүүлнэ” хэмээн ярилаа. Мөн тус намын даргын ахлах зөвлөх Д.Амгалан “Бид нэг иргэний сонголтын эрх ашгийг, сонгосон төлөөлөгчийнх нь үүрэг, үзэл бодлыг хамгаалж, чиглүүлэхийн төлөө, иргэдийн сонголтыг хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана” гэсэн юм.