Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас МУИС, ХААИС, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтдийг оролцуулсан, Амьтны мэргэжлийн болон ангилал зүйн зөвлөлийн ээлжит хурлыг өчигдөр зохион байгууллаа.
Судлаачид энэ үеэр тураг гогой шувууны онцлог, идэш тэжээлийн байдал, ялангуяа Монгол орны загасны нөөц, гол, нуурын экосистемд үзүүлж буй нөлөөллийн асуудлыг хэлэлцэж, холбогдох хүмүүсийн байр суурийг сонссон байна. Улмаар эл жигүүртэнтэй холбоотой судалгааг үндэсний хэмжээнд бүсчлэн хийж, экосистемийн тэнцвэрт, биологийн олон янз байдалд хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоохоор шийдвэрлэжээ.
Тураг гогой нь нэг удаа хооллохдоо их хэмжээний загас иддэг, үүнээс болж гол, нуурын тэнцвэр алдагдан, бохирдох шалтгаан болдог гэсэн таамаг яриа иргэдийн дунд тархсан байдаг. Жилийн жилд үүнээс үүдэлтэй маргаан, үл ойлголцол нийгмийн сүлжээнд эрчээ авдаг. Тэгвэл эл судалгааны үр дүнд үндэслэн иргэд, олон нийтийг үнэн, бодитой мэдээллээр хангах нь чухал гэдгийг ч судлаач, мэргэжилтнүүд хурлын үеэр дурдав.
Ж.МИШЭЭЛ