Улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлдэг, ашгийн төлөө бус Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
УИХ “хүн төвтэй”, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил” бодлогыг гол стратеги хэмээн зарласан билээ. Үүний хүрээнд 54 хэсэг байгуулсны нэг нь дээрх ажлын хэсэг юм байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг томилжээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай ажлын хэсгийнхэн юунд анхаарч ажиллах вэ?
-МҮХАҮТ-ын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах юм. Өөрөөр хэлбэл, хуулийг бүхэлд нь өөрчилнө гэсэн үг. Ийм эрх зүйн боломж бидэнд бий. Уг хууль нь Монголд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн орчныг таатай болгох, төр бизнесийн салбар болон иргэдийн харилцааг зохицуулах гол хууль болно гэж үзэж байна. Төрийн зүгээс бизнестэй холбоотой аливаа шийдвэр гаргах, татвар хураамж, томоохон ордууд, аялал жуулчлалын салбартай холбоотой хуулиудыг батлахад аль байгууллага нь төлөөлөхийг, тэр нь олон нийтийн, тухайн салбарынхаа төлөөлөл болж чадаж байгаа, эсэхийг тогтоох нь хуулийн үндсэн санаа юм. Өнөөдрийг хүртэл оролцогч бүх талыг хамарч чадаж байгаа, эсэх нь их эргэлзээтэй байж ирсэн. Үүний хүрээнд нэгтгэх, хамтаар нь зохион байгуулах, оролцогч талуудын нэгдсэн байр суурийг илэрхийлэх, бизнесийн салбарынхан өөрсдийгөө төлөөлж, төртэй хамтран ажиллаж чаддаг байх амар, хөнгөн нөхцөлийг бүрдүүлэхээр манай ажлын хэсгийнхэн зорин ажиллаж байна. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Бизнесийн салбарынхантайгаа уулзана. Бас төрийн байгууллагуудаас холбогдох судалгаа, мэдээлэл авч, хэлэлцүүлнэ. Иргэдээсээ санал авна. Нийгмийн харилцаанд оролцогч талуудын хамтын шийдлийн үр дүнд, бие биедээ ээлтэй байх зохицуулалтыг тусгаж, өөрчлөлт оруулахыг зорьж байна.
-Цаашдаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засгаа тэлье гэвэл энэ хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай юм байна гэж ойлголоо. Үүний үр дүнд бизнесийнхэнд ямар давуу тал бий болох бол?
-Монголын бизнесийн салбар төртэйгөө харилцах үүд хаалга нь нээлттэй болж, эрх, үүрэг, хариуцлага нь тодорхой болох юм. Ингэснээр бизнесийн орчин хувийн хэвшилдээ ээлтэй, төр засагтай харилцах харилцаа нь тодорхой хариуцлагатай, харилцан ойлголцож, хамтарч ажиллах боломж нээгдэнэ. Түүнчлэн салбар бүрээрээ нийлж, төр засагт дуу хоолойгоо илэрхийлэх, төрөөс гаргаж буй бодлого, шийдвэрт оролцох, хамтарч ажиллах, нэгдэж зохион байгуулалтад орох орчин бүрдэнэ.