Дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Тиймээс хүн төрөлхтөнд тулгамдсан эл асуудлыг шийдвэрлэхэд улс орнуудын үүрэг, оролцоо чухал гэдгийг энэ сарын 10-нд тохиосон Сэтгэцийн эрүүл мэндийн мэндийн өдрөөр ДЭМБ онцолсон юм. Манай улс уг өдрийн хүрээнд “Сэтгэцийн эрүүл мэнд-2024” үндэсний чуулганыг өчигдөр, өнөөдөр зохион байгуулж буй.
Монголчуудын сэтгэл зүйн эрүүл мэнд сүүлийн 10 жилд огцом нэмэгдсэн гэж уг чуулганд оролцогчид хэлсэн. Тэр дундаа сэтгэл гутрах, түгших, амиа хорлох, мансуурах, цахим хэрэглээний донтолт өссөн нь эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тооноос харагдах аж.
“Сэтгэцийн эрүүл мэнд-2024” чуулганаар эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрхэн сайжруулах талаар 21 аймаг, есөн дүүргийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүд илтгэл тавьсан. Гол агуулга нь, энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй сайжруулах, нөхөн сэргээх эмчилгээг нэмэгдүүлэхэд төр, засаг анхаарах шаардлагатай гэв. Учир нь манай улс 2014 оноос хойш хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг нийтэд нь үнэлээгүй, 10 жилийн өмнөх судалгаагаа одоо ч ярьсан хэвээр.
Улсын хэмжээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ дангаараа үзүүлдэг бөгөөд хүний нөөц дутагдалтай байгааг чуулганы зохион байгуулагчид онцолсон. Тодруулбал, үндэсний хэмжээнд сэтгэцийн 150-хан эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа нь хүртээмж хангалтгүйг илтгэх аж. Тиймээс сэтгэл зүйч, засалч нарыг бэлдэж, I, II шатлалын эмнэлгүүдэд ажиллуулах шаардлагатай гэлээ.