Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн лиг-2024” энэ оны улирлын тэмцээн өндөрлөлөө. Ногоон талбайд хэдэн сар үргэлжилсэн лигийн тоглолтод “Ховд вестерн” клубийнхэн бусдыгаа хошуучилж түрүүлэв. Тэдэнтэй алтан цомын төлөө өрсөлдсөн “Хараацай”-гийн тоглогчид удаалж, “Хад”-ынхан III, “Шинэ яармаг”-ийнхан IV байр эзэлжээ. Лигийн шилдэг довтлогчоор “Хараацай” клубийнхнээс Э.Анхтуяа шалгарсан. Тэгвэл “Ховд вестерн”-ийн тоглогчдоос шилдэг хагас хамгаалагчаар С.Удвал, хамгаалагчаар А.Алтантуяа, хаалгачаар Б.Оюун-Эрдэнэ тодорсон байна. Футзалын эмэгтэйчүүдийн дээд лигийн тоглолт энэ сарын 25-нд эхлэх нь. Энэ удаа 10 баг хоёр тойргийн системээр өрсөлдөж, аварга баг тодорно.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, манай улсад Английн хөл бөмбөгийн “Фулхэм” клубийн өсвөр үеийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, Янник Жин нар хүрэлцэн ирж, сургалт удирдан явуулсан. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” төслийн хүрээнд зохион байгуулсан уг сургалтаас 11 хүүхэд шалгаруулжээ. Тэд Лондонд дээрх клубээс бэлдсэн хөтөлбөрийн хүрээнд “Кравэн коттэйж” цэнгэлдэх болон Английн I зэрэглэлийн бэлтгэлийн баазтай танилцахаас гадна академийн дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэл хийж, “Фулхэм” клубийн дэргэдэх сангийн багтай нөхөрсөг тоглолт хийх аж.