Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Андын илч” ХХК-ийн Монголын талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үйлдэлд холбогдсон хүмүүс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргасны дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 16, 17-нд хэлэлцлээ. Өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Л.Алтанхуяг, “Хулнаа” хэмээх Б.Хулансамбуу, “Цэнгэл” гэж нэрийддэг Н.Батцэнгэл, “Уугаа” гэх Б.Ууганзаяа зэрэг 16 хүн бүлэглэн дээрх хэргийг үйлдсэн. Мөн Э.Сумъяажаргалын захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж айлган сүрдүүлж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардан авсан. 2022 оны арванхоёрдугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн.
Бас иргэн О-д хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн тавдугаар сард хэлэлцээд Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Э.Сумъяажаргал, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга, С.Алтансүх, М.Амартүвшин, П.Энхсайхан, С.Билгүүн, Н.Алтангэрэл, Э.Бошигт, Д.Батмарта нарыг Эрүүгийн хуулийн 17.6-2.3 дахь хэсгийн зохион байгуулалттай гэмт бүлэг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, 12.1-2.10 дахь хэсгийн бүлэглэн хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн, 20.3-1, 20.3-2-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн, 11.1-2.4-т зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон юм.
Улмаар Б.Хулансамбууд 16 жил найман сар, Л.Алтанхуягт 16, Б.Ууганзаяад ес, Э.Сумъяажаргалд долоо, А.Бадамсэрээжид, Н.Батцэнгэл, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл нарт зургаа, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар нарт тав, П.Энхсайханд дөрвөн жил зургаан сар, Д.Батмарта, Э.Бошигт нарт нэг жил хорих ял оноосон бол М.Амартүвшинд нэг жил тэнсэн харгалзах, С.Алтансүхэд нэг жил хоёр сарын хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлах ял оноогоод байсан.
Тэгвэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын холбогдсон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, элссэн, ийм бүлгийнхэн үйлдсэн гэх үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгов. Ингэснээр Б.Хулансамбууд 15 жил хоёр сар, Л.Алтанхуягт 13 жил нэг сар 22 хоног, Б.Ууганзаяад долоон жил найман сар, Э.Сумъяажаргалд таван жил нэг сар, С.Билгүүн, Н.Алтангэрэл нарт дөрвөн жил, Н.Батцэнгэлд дөрвөн жил зургаан сар, Ж.Түвшинтөгс, А.Бадамсэрээжид, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, П.Энхсайхан нарт гурван жил хорих ял болгон өөрчилж, анхан шатны шүүхээс оноосон хорих хугацааг багасгасан юм. Харин Д.Батмарта, Э.Бошигт нарт холбогдох үйлдлийг тусгаарлан дахин шалгуулахаар шийдвэрлэжээ.