“Хөл, гаргүй хүмүүсийг жил бүр хуралд дуудаж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр буюу группийнх нь хугацааг сунгаж байна” гэсэн шүүмжлэл өмнө нь байнга гардаг байсан. Тэгвэл эл асуудлыг таслан зогсоож, иргэдийг чирэгдүүлдэг явдлыг халсан гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэв.
Тус салбарын эрх зүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тэрбээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд танилцуулахдаа энэ талаар онцолсон юм. Ингэснээр 97 төрлийн өвчтэй 20 257 хүний хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг хугацаагүйгээр тогтоосон гэв. Хорт хавдар, хүнд хэлбэрийн сүрьеэ, гар, хөлөө тайруулсан хүмүүс тэтгэврээ нэг удаа тогтоолгоод, дахин сунгуулахгүй аж.
Ташрамд дурдахад, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог жагсаалтад нийт 507 төрлийн өвчнийг багтаадаг аж. Тэдгээр жагсаалтын дагуу нийт 102 657 иргэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч буй юм байна.
М.ОЧ