“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар өнгөрсөн сарын 16-нд Боловсролын сайд П.Наранбаярыг хэвлэлийн хурал хийж байх үед нь элдэв үгээр дайрч, барьж явсан өндгөө шидээд зогсохгүй, хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатартай нь барилцаж авсан билээ. Эл үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.2-1 дэх хэсгийн Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэх заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгасан юм.
Уг зөрчлийн хэргийг шалгаж дуусган, дээрх зүйл заалтад заасан 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оноох хариуцлага тооцуулахаар эрх бүхий албан тушаалтан саналаа шүүхэд хүргүүлэхээр болоод буй аж. Гэвч А.Отгонбаатар элдэв шалтаг тоочин цагдаагийн байгууллагад ирэхгүй байгаа юм. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн түүнийг дуудан ирүүлж, зөрчлийн хэрэгтэй нь танилцуулан шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг эх сурвалжууд хэлэв.
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарын хувьд зөрчлийн хэрэгт удаа дараа хариуцлага тооцуулж байсан нэгэн. Тэрбээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдлүүддээ цөөнгүй торгуулснаас гадна бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, хүний эрүүл мэндэд гэмтэл учруулахгүйгээр халдсан, ШЕЗ-ийн байранд бичлэг хийж, олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явж, танхайрсан гэх зэрэг зөрчлийн хэрэгт нь торгох шийтгэвэр оноосон юм.