Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Нарны хорооллын орон сууцад өнгөрсөн пүрэв гаргийн шөнө гал гарав. Тус хороололд гал гарсан талаарх дуудлага онцгой байдлын байгууллагад тухайн өдрийн 22.20 цагийн орчимд ирсэн бөгөөд газар дээр нь очиход долоодугаар давхрын нэгэн айлын тагтны хэсэг шатаж байжээ. Улмаар найм болон есдүгээр давхрын айлын тагтны хэсэгт хүртэл гал тархсан гэнэ. Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэйн 10 дугаар ангийн бүрэлдэхүүн нэг цаг гаруй хугацаанд ажиллаж галыг унтраасан байна. 7-8 дугаар давхрын айлууд эзэнтэй, харин есдүгээр давхрын айлд хүн байгаагүй учраас гал унтраахад нэлээд хүндрэл учирсныг тухайн хороололд оршин суудаг иргэд хэлж байлаа.
“Галын шалтгааныг хараахан тогтоогоогүй” гэж албаныхан хэлсэн боловч оршин суугчид “Иргэд тагтан дээрээ тамхи татах нь элбэг. Үүнээс шалтгаалж л тагтны хэсэг шатсан байх магадлалтай. Хэн нэгний хариуцлагагүй байдлаас болж тухайн орон сууцад амьдардаг олон иргэн хохирч мэдэхээр эрсдэл үүссэн” хэмээн анхааруулав. Галын улмаас бэртэж гэмтсэн иргэн байхгүй боловч тухайн орон сууцад нэлээд утаажилт үүссэн аж.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутагт байрладаг “Баянмонгол” хорооллын орон сууцад энэ сарын 19-ний шөнө гал гарчээ. Гал гарсан талаарх дуудлагыг онцгой байдлын байгууллагынхан тухайн өдрийн 01.05 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход нэгэн айлын гал тогооны хэсэгт эд хогшил шатаж байв. Алба хаагчид галаас 3-17 настай гурван хүүхдийг аварсан гэнэ. Мөн утаажилтын бүсээс 60 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг нь хангасан байна.
М.ОЧ