Жил бүрийн аравдугаар сарын 16-ныг Дэлхийн хүнсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Өнөө жил эл өдрийг “Хүнсээр хангагдах эрхийг илүү сайн сайхан амьдрал, ирээдүйн төлөө хангая” уриан дор зохион байгууллаа. Үүний хүрээнд НҮБ-ын ХХААБ-ынхан эрүүл хооллолт гэж юу вэ, хүнсний төрөл зүйлийн алдагдал, аюулгүй байдлын сорилт, стандартын хэрэгжилт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийжээ. Уг хэлэлцүүлгийн үеэр хүнсний аюулгүй байдлыг хангахад Монголд төдийгүй олон улсад ямар арга хэмжээ авч буй талаар санал солилцсон гэнэ. Тус байгууллагынхан “Хүнсний аюулгүй байдалд цар тахал, дайн, байгаль, цаг уурын өөрчлөлт, үнийн өсөлт, тэгш бус байдал голчлон нөлөөлж байна. Бүх хүнийг хооллож хүрэлцэхүйц хүнсийг дэлхий нийтэд тасралтгүй үйлдвэрлэсээр байгаа. Гэвч дэлхийн 821 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Түүнчлэн бага насны хүүхдүүдийн 45 хувь нь хоол тэжээлийн дутагдлын улмаас эндэж байна. Дэлхийн 1.9 тэрбум хүн жингийн илүүдэлтэй. Тэдгээрээс 672 сая нь хэт таргалалттай. Эрүүл хооллолт нь бие махбодыг тэтгэгч бөгөөд бидний эрүүл мэнд, эрч хүч, тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг” гэсэн юм. Түүнчлэн уг арга хэмжээний хүрээнд “Хүнсээр хангагдах эрх” эсээ бичлэгийн уралдаан зарлажээ. Тус уралдааны тэргүүн байрыг “Ирээдүй” сургуулийн 10д ангийн сурагч М.Нарансолонго хүртсэн байна.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун “Хөдөө аж ахуй, байгаль орчны салбаруудын гол зорилтууд, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой явуулах шаардлагатай. Мөн бэлчээрийн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавх, механизмыг бүрдүүлэх нэн шаардлагатай” болохыг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан “Хүнсний аюулгүй байдал-хүнсээр хангагдах эрхийн хэрэгжилт” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ.
Хүнс нь агаар, усны дараа орох, хүний амин чухал анхдагч хэрэгцээ. Иймд хүн бүр шим тэжээллэг, хүртээмжтэй, аюулгүй хүнсээр хангагдах эрхтэй. Тиймээс эл өдөр дэлхийн өнцөг булан бүрд хүнс, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар шийдвэр гаргагчид болон эрдэмтэн, судлаачид санал солилцон, шийдэл хайдгаараа онцлогтой юм.
НҮБ-ын ХХААБ байгуулагдсан энэ өдрийг дэлхийн 150 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Энэ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулахад тустай гэнэ. Түүнчлэн ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдэл эрэлхийлэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг сануулах зорилготой юм байна.
У.ЦЭЦЭГСҮРЭН