Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашинуудыг ачих арга хэмжээг энэ долоо хоногоос гэнэт эрчимжүүлэв. Ийм шийдвэрийг хаанаас, хэзээ гаргасан тухай Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд суудлын автомашин зогсохыг хориглосон тэмдэг тавьсан бол тухайн хэсэгт саатаж болохгүй. Энэхүү зохицуулалт нь шинэ нэвтрүүлсэн зүйл биш. Замын хөдөлгөөнд саад учруулж байрлуулсан автомашины мэдээллийг ачилтын компанийнхан Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү цахимаар илгээнэ. Үүнийг тухайн байгууллагынхан хянаж, зөрчил мөн, эсэхийг тодорхойлох юм. Мөн автобусны хяналтын камераар нэгдүгээр эгнээгээр зорчиж хөдөлгөөнд саатал учруулж буй тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага хүлээлгэж буй” гэлээ. Зохиомол түгжрэл үүсгэхгүйн тулд энэхүү зохицуулалтыг саяхнаас эрчимжүүлснээ албаныхан тайлбарлав. Ийм зөрчил үүсгэсэн жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Харин цахим сүлжээнд иргэд “Зогсоол хүртээмжгүй болсон нь шийдвэр гаргагчдын буруу. Гэтэл бид хариуцлага хүлээж, торгууль төлөх ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсээр байв.
А.ҮҮЛ