Монголын явган алхалтын холбоо Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ, “Czech aid” олон улсын байгууллага, Менделийн их сургуультай хамтран Богдхан уулын Зайсангийн аманд байгаль орчин, экологийн боловсрол олгох зориулалттай бүс байгуулжээ. “Хүүхэд, гэр бүлийн экологийн боловсролын бүс” нэртэй тус төгөл нь нийслэлчүүдийн явган алхалтын гол маршрут болсон Дугуй цагаан чиглэлийн замд буй гэнэ.
Богдхан ууланд алхаж, агаарладаг хүмүүс экологийн боловсролын бүсэд саатсанаар ойн экосистем, моддын ач холбогдол, Монгол орны амьтан, ургамлын талаарх танин мэдэхүйн мэдээллийг зурагт самбараас хүлээж авах боломжтой гэнэ. Тэнд байршуулсан мэдээллийн самбар, танин мэдэхүйн тоглоомуудыг “Forest for life” төслийн хүрээнд Чех улсад үйлдвэрлүүлж, авчруулсан байна.
“Хүүхэд, гэр бүлийн экологийн боловсролын бүс”-ийг өнгөрөгч бямба гарагт албан ёсоор нээжээ. Үүнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Монголын явган алхалтын холбооныхноос гадна дээр дурдсан хамтрагч байгууллагын төлөөлөл оролцсон аж. Энэ үеэр “Өсвөрийн алхагчид” клуб үйл ажиллагаа эхлүүлж, өсвөрийн байгаль хамгаалагчдын эгнээнд нэгдэж буйгаа зарлажээ.
Н.МИШЭЭЛ