Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол урьд нь хүмүүст хүргээгүй шүлгүүдээрээ “Бараа бараандаа хорвоо” нэртэй ном хэвлүүлжээ. Түүний өмнөтгөлд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав “Үнэнийг хэлэхэд, энэ буурал найрагч насан туршдаа Монгол эх орондоо оюун санааны гал халуун эх орончийн тангараг өргөсөн мэт ёстой толгой өндөр, бахархал дүүрэн, омог бардам, хэчнээн өрөвч халуун сэтгэлтэй яваа вэ гэдгийг энэ номын хуудас болгоноос хүртэж мэдэрнэ гэдэгт дүүрэн итгэж байна. Ерөөс Д.Цоодол абугай өчүүхэн муу шоргоолжноос аваад, өтөл өвгөд, балчир хүүхэд, банхар нохой, чулуу мод бүхнийг хайрлахын халуун энерги- эрчим хүчээр дүүрэн найрагч гэдгийг хувь хүнээс нь ч, бүтээлээс нь ч дотно мэдрэгддэг. Түүний хайраас бусад нь юу ч биш гэсэн тунхаглал шүлэг бүхэнд нь нэвт шингэж, зүрхний цохилт мэт лугшиж байна. Энэ номоос ийм шүлгүүдийг эшилбэл бараа нь үгүй тасарч, холдох тул түдгэлзэв. Их найрагч маань наян насны өндөрлөгт хүрсэн яруу хэвээрээ, ухаан соёрхол янзаараа, гал цогтой, онгод хиймориос холторч хэлтэрсэн нь огтхон үгүй гал дөлөөр туурвисан хэвээрээ гялалзаж байна аа.
Их найрагчийн өндөрлөг дээрээс хайлсан яруу дуулал найргийг өлмий чацуурах аргагүй чадуу миний бие цааш нуршаад яахав. Та минь тал сайхан Бүрэнгийнхээ хатир жороо морьдын хурдаар талбиун монгол сайхан шүлгээ морин хууранд хөг оруулан дуулсаар, яруу найраг болоод яруу найрагт хайртай уншигчдаа гийгүүлэн баясгаж баярлуулсаар байгаарай” гэж бичсэн байна.
Би Бүрэнгийн хүүхэд
Цантсан бут шиг буурал толгойтой
Цас сүлжсэн зөрөг шиг нүүрэндээ үрчлээтэй
Цаанаасаа ийм заяасан юм шиг хөгшин шүлэгч би
Цагийн цагт хаанаас ийм явах вэ
Хонгор үрээ л гэж ижийнхээ урласан гутлын
Хоншоор дээр мэлхий хонхтой
Тоодон дээлийнхээ шил дээр явуу чимэг
Толгой дээрээ сөөсийсөн хоёр сонжуутай
Томчуудын тоглоом, ажаа ижийнхээ нар явсныг
Томоогүйд минь харсан нутгийн уул, ус мэднэ ээ
Орон хотын хүүхдүүдийнх шиг гоё тоглоом
Олдоогүй ээ, чулуугаар л наадаж өслөө
Ховор чихэр мэт нь эрдэнэ байсаан
Хоормог тараг л залгилж, энгэрээ цагаадаж явлаа
Идээ цагааныхаа тэр өнгийг дуурайлгасан уу
Их тал минь надад цагаан сэтгэл өгсөн
Элбэг цагаан сэтгэлээсээ өөр юу ч үгүй
Эцгийн гэрээс би аз жаргалын эрэлд гарсан
Тоогүй олон хүнтэй уулзжээ, уулзсан бүгдээ
Тогтоод бодохноо хонхорынхон минь илүү ачтай байлаа
Толгодоосоо холдож ертөнцийн их их уулсыг хүрлээ
Тоглож өссөн толгод минь илүү нөмөртэй байлаа
Зах хаяагүй хотуудаар орж гарч ч үзлээ
Заяасан хонхортоо л илүү жаргалтайг ухаарлаа
Дэндүү их шунал, дэндүү их хөеө, дэндүү их төмөр
Дэмий юмаа-орчлонгий минь эзэлжээ
Дэмийгий нь мэдсэний ачаар дэмий явсангүй ээ
Дээлэн цаанаа би Бүрэнгийнхээрээ л явлаа
Шагшаан шуугиант хотоор унааны хурднаар давхиулавч
Шарга, хонгор, хээр аавынхаа адууг мартсангүй
Цуутай ихэс, мэргэд, баячууд зөндөө л байна
Цугтаа өвөлжиж зусдаг айлынхнаа мартсангүй
Уруудах насны буурайд үүрсэнийг нь өргөөд өгөх
Уйлж байгаа хүүхдийн толгойг илээд өнгөрөх
Яльгүйхэн ч бай бусдын тусыг үл мартах
Яаж ийгээд хожим хариуг нь барих
Алхах болгондоо нутаг усныхаа нэрийг бодох
Алдаж гэмээнэ газар доор өвгөдийн яс шархирахыг санах
Санчиг үсээ цайтал Бүрэнгийнхээ ёс заншлыг
Сахих Үндсэн хууль минь гэж амьдарсаан, би
Онгод хиймориор дэвэрсэн яруу найрагч яваагийнх
Олны хайр, олдсон амьдралаа чамлахгүй
Бүгдээс би илүү жаргах ёстой гэж
Бүү үзэгд!
Амьд насандаа санахгүй ээ
Бүрэнгийн бага сургуульд
хамгийн арын ширээн дээр
Бүрэг жаахан хүү шүлгээ яаж бичдэг байлаа
Бүгд хэвээрээ, сэтгэл минь хүүхдээрээ
Бүрий тасрахаас өрсөж сайхан шүлэг бичнэ ээ
Айраг цагаа аргалын утаа ханхалж
Алиман сарны доор адуу янцгаах тэртээ
Ашдын заяат нутаг-төрсөн хонхор минь бий
Алгын чинээхэн ч бай тэр л нутагтаа залбирна
Ариун сэтгэл гэдэг тэнд л бүтэн байдгийг мэднэ ээ.
2015. Бэлхийн Мянган уул
Ижийн минь гар
Ш.Сүрэнжавт
Тэртээ хол, Армян газар
Тэнэж яваад би ижийгээ зүүдэллээ
Янгинаж шөнөдөө зовоодог хөөрхий бор гарыг нь
Явдал замаас харьчихсан илж сууна гэж зүүдэллээ
Буурал болтлоо айлын гал түлж
Бурханд зул өргөж цантай өрх татсан
Буянт малынхаа сүүнд дэвтэж
Буцах насны даваанд үрчийж гүйцсэн
Амарч ер үзээгүй ижийн минь гараас илүү
Ачтай гар гэж надад үгүй ээ
Золтой сайн явахад хацрыг минь илж
Зовоход нулимсыг минь надаас түрүүнд арчсан
Алагхан үрээ хөтлөөд очиход
Алгаа ээж ачийгаа үнссэн
Салаа зандан шиг дандаа ариун
Самарсан сүүний нь өрөм хүртэл зузаан
Бусдад дандаа өгсөөр өөртөө хоосон
Буянтай гар ижийн минь гар аа!
Cap гаран болов
Нутаг усаа санав, би
Салдаггүй хэдэн армянтай
Үзмийн дарсанд нэвтрэв, би
Савнаасаа хальж урссан
Горхи мэт аашлав, би
Монголдоо очих минь
Мойногхон ижийнхээ гараар
Гуйж ч болов алгадуулах минь.
1989 Ереван
Эх хэлээ чамлаж яваа нэгэнд
Чадахгүй!
Чамаар хэлээ гутаалгаж
Чандмань эрдэнээ үгүй хийлгэж
Чадахгүй!
Энэ чинь
Хөглөгөр их өвгөд минь
“Нууц товчоо”-гоо барлаж
Хөлгөн судруудаан
Есөн эрдэнээр бичсэн хэл!
Гэсэр, Жангараа хайлж
Гэрийнхээ жаврыг үргээдэг
Гэрэлт орчлонд бид
Төрийнхөө сүлдийг дуулдаг хэл!
Энэ чинь
Туулай сарны доор
Ижий нар минь бүүвэйлж
Тулалдаанд монгол баатрууд
Уухайлж ялдаг хэл!
Уянгалж төрсөн Явуугаа
Ухаажиж, хатуужиж уншдаг
Усан тэлмэн хуурандаа
Уртын дуугаа дуулдаг хэл!
Энэ чинь
Хорьж болдоггүй насандаа
Амрагтаан үгээ хэлж
Хоёулаа болоод жаргасан
Бидэн хоёрын хэл
Хорвоод цөөхүүлээ ч
Олноос дутахгүй нь үнэн
Хонгор нарны үрс
Бидний улсын хэл ээ!
Сүү амсаад дээдэс минь
Сүүлчийн үгээ захисан юм
Сүн далай хэл минь
Надтай цуг өмөлзсөн юм
Нэхий өлгий дүүргэж
Цурав үр минь ирэхэд
Нэрийг нь би чихэнд нь
Гурав дуудаж өгсөн юм
Нэл эрдэнийн хэл минь
Надтай цуг баярласан юм!
Энэ чинь
Аргаар аргаар монголжин
Тойглож өөвлөж хөөслөхөд
Адуу мал маань хүртэл уярдаг
Айлаас аваагүй
Арав таваар өгөхгүй
Эх орны минь хэл
Цэлгэр нутагтаа учирлан
Уул овоогоо тахихад
Цэцгийн хураа хайрладаг
Эцэг тэнгэрийн минь хэл
Цадиггүй дайсан хил дээр
Эр цэрэг рүү онилоход
Цаана нь
Эх хэл минь байсан
Саймширч нэг нь хэдэн зоос
Сарвайж байсан бол
Салгачих санаатай юм
Эх хэл минь байсан
Тэнгэрийн доор
Тэнэг нь зөвдөж
Эх хэлээ мартвал
Тэмээ болоод буйлж
Ямаа болоод майлахад амархан
Хиртээж болохгүй монгол нэрээ
Үдийн будаа шиг арилжиж
Хил
Соёмбо
Нутгаасаа
Үүрд хагацах ч амархан
Чадахгүй!
Чамаар хэлээ гутаалгаж
Чандмань эрдэнээ үгүй хийлгэж
Чадахгүй!
2013.04
Хөдөөнийхөн бүдүүлэг гэж голдог нэгэн яруу найрагчид
Гахайн сүүл шиг зангиа гуйсан ч зүүхгүй
Ганганы нэмэр саравчаар нүдээ нуухгүй
Гал ачаасаа дутуугүй нохой эрхлүүлж
Гадаадынх л бол хорхой байсан ч бөхөлзөхгүй
Хээрийн хоймор малын захад гандаж
Хэдэн толгодынхоо дунд ганхаж л яваа хөдөөнийхөн
Дандаа л уралдаж яваа юм шиг
Дарцагласаар дөрөөн дээрээ амьдар,
Адууны тоос нүүрнээс нь салалгүй
Аавын буурьтай хонд, усаа сахиж хөгшир
Цэцгийн салхинд төрж, тэнгэр харж өссөн тэд
Цэцэн хүнийг бурхан, цээжин дэх шүлгээ алтанд бодож явдаг шүү!
Дүнжгэр дүнжгэр өвгөд нь дүнчүүр дүнчүүр маани уншдаг
Дүрсгүй жаахан жаалууд нь ерөөл тууль,
Ертөнцийн гурваар цэцэлдэг
Шүр шиг оддынхоо тоогоор малаа бэлчээдэг
Шүтээнийхээ авдар дээр судраа залдаг
Гэгээ нь дотроо тэдэнд уулс хүртэл балчирдана
Гэнэхэн найрагч чамд уншигч чинь томдоно оо!
Хатан ээжээ амрааж хүүхэд төрнө
Хайрлаж явах нэрийг нь номоо сөхөж өгнө
Хархан сэвлэг ургаж, даахийг нь үргээнэ
Хавтай сайн гараг судраа л нээж олно
Хонины хөөрхөн жаалууд нас биед хүрнэ
Хоорондоо жиг ургаад салахаа байна
Хожмын нь ерөөл чухам ямар вэ?
Хонхорын нь лам номоо л сөхөж айлдана
Соёмбо эрдэнийн далбаа шиг дандаа өөдөө амьдарсан ч
Сондуул дов таарч замдаа хагас нь сандарсан ч
Солонго татсан хөдөөнийхөн сохор юм шиг зүтгэлэхгүй
Сод мэргэн багш номтойгоо л шадарлана
Тэшин жонжин байж он жилүүд хурдална
Тэнчээ тасрах мөчдөө ч барьц алдахгүй ээ
Тэнгэрт хүрэх замыг нь номтой л хэлэлцэж заалгана
Том багагүй насаараа номтой ярьдаг уншигчдадаа
Тооноороо тэнгэртэй ярьдаг уншигчдадаа
Тоостоороо лустай ярьдаг уншигчдадаа
Тоогдох шүлэг бичсэн бол биеэ чи тоо!
Ядмагхан дуугий чинь тэд хэрвээ голсон бол
Янжинлхамын шавиас өөрийгөө одоохон хөө!
Миний газар шороо
Шороо, алт нь салахгүй бие биедээ багтдаг
Шоргоолж, тэмээ хоёр нь бараа бараандаа тогтдог
Шожгор шожгор толгод нь гурван хангайн садан
Шожиг шожиг горхид нь гурван мөрний садан
Шоголтой юу ном нь есөн эрдэнийн судар
Шонхортой юу тэнгэр нь номин эрдэнийн цэнхэр
Миний хэдэн Монголыг алаг үзсэн удаагүй
Хүний үр билээ гэж алган дээрээ элбэрдэг
Минжийн сор шиг өвсөө дэвсмэл
Минчүү чисчүү шиг өнгөө дэлгэмэл
Миний ижий буурал газар!
Тэргэл саран дугуй-дандаа гэрийн буйр
Тэнхээт туурайн ор-дандаа адууны мөр
Тэмтрээд үзсэн ч андашгүй даяар
Монголын нутаг аа
Дэлтийн туурай давтаад чи хатуу бүгдийн туйл
Дээжийн сүүнд дэвтээд чи зөөлөн бүгдийн туйл
Зоргоороо нь дэндсэн үрстэй чи зовсон бүгдийн туйл
Золбоотой нь дэндсэн үрстэй чи жаргасан бүгдийн туйл
Моодун хааны үрс хүнээс төрөх нь л төрсөн
Монгол шорооноос
Моодун төрсөн үү, газраас төрөх нь л төрсөн
Газар хүн хоёр нь аль алиндаа багтдаг
Гарцаагүй монгол минь миний зүрхэнд багтдаг
Гоё хөх уулс яс минь билээ
Гол горхины нь ус, цус минь билээ
Саруулын саруул тал ухаан минь билээ
Сацрах нарны нь илч сэтгэл минь билээ
Салхинд нүдүүлж, наранд түлэгдсэн говь тэвчээр минь
Энэ биен дээрээ би малаа бэлчээж, тариа тарьдаг
Эх болсон газар минь тэр аяараа би байдаг
Хэтэрхий гоо бүсгүйчүүл үзэсгэлэнтэйеэ гунхалзах газартайнх
Хэнэггүй эрчүүл морин дээрээ ханхалзах ч газартайнх
Хөөрхөн жаалууд баяртай ход ход инээх ч газартайнх
Хөгшид амгалан эрихээ эргүүлж суугаа нь ч газартайнх
Соёмбо эрдэнийн далбаа газар дээрээсээ мандаж
Солонго татахдаа хүртэл үзүүр нь газар дээрээ тулдаг
Согтуу юм шиг орчлонд би эрх чөлөөтэй
Соохолзон яваа минь ч газартай хүний явдал аа
Явгарсан эрэлчинд эцэг минь мориныхоо сайныг барьж өгдөг
Ядарсан хүнд ижий минь цайныхаа сайхныг чанаж өгдөг
Ялгаагүй бусдад монголчууд юу байгаагаа тэмтэрдэг
Яриагүй, нөхдөдөө би ч байгаа бүгдээ сарвайна.
Яалаа ч бусдад өгөхгүй ганцхан юм байна
Ямар юм, тэр вэ газар шороо минь тэр ээ!
Эрдэнийн тансаг шороо өвгөдийн маань өмч
Энэ газрын төлөө амиа ч өгсөн тэдний мэдлийнх
Ээлжээ болохоор ирэх хойч үеийн минь өмч
Элгэн нутгаа хамгаалах тэдний мэдлийнх
Зоос бодож бусдад газраасаа тонуулж гэмээнэ
Золгүй тэр амьтаст түмний минь хараал хүрэг!
Яахав, хэрэгтэй бол амиа ч өгцгөө!
Яасан ч харин газраасаа бүү өгцгөө!
Явахаасаа өмнө амжиж Модуун
Ялгуун тэнгэрийн зарлиг мэт ингэж хэлсэн юм шүү
Ядарч задарч тогтносон Монгол Улсын иргэн
Яриа байхгүй бид цөмөөрөө Модуун шүү!
2020.10.04 Бэлх
Харьд яваа ачдаа эмээгийн нь хэлүүүлсэн үг
Ховдын өндөр ууланд алтангургалдай жиргэнэ
Хорвоод заяасан газраа тэр дуулж байна
Сөөнгө муухай нь хамаагүй наддаан сураг тасарсан
Сөөсгөрхөн ач минь эмээдээ ирж дуулаач
Бор л халиун говьдоо хавтгайн сүрэг тэшинэ
Ботго л явсан газраа тэр бэлчиж байна
Мөөгөн чинээ ч бол гэр минь өөрийнх шүү
Мөлхөж өссөн хоймроо хүү минь чи ирээч
Саальтай агар хувингаа эмээ нь чирсээрээ
Сайр дээр өссөн өндөг тогоруу болсон ч ирсээр ээ
Санаж байна эмээдээ чи ирээч
Салахын өндөр даваан дээр толгой дээр минь байгаач!
2016.05.21