“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, УИХ-ын гишүүн, “Түгжрэл”-ийн сайд асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн тэргүүтэй 24 хүний гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10.00 цагт хэлэлцэхээр товлоод байв. Гэвч зарим шүүгчдэгчийн өмгөөлөгч хуралд ирээгүйгээс ирэх сарын 6-ныг хүртэл дахин хойшлууллаа. Учир нь нэг өмгөөлөгч БНХАУ-д эмчлүүлж байгаа, өөр хоёр өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг дээрх шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, Д.Ренченхорол нар хүлээн авсан юм.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн 600 автобус худалдан авахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч энэ тендерийг “маш нууц” ангилалд оруулж “Тэнүүн-Огоо” ХХК-ийг шалгаруулан эдийн засгийн давуу байдал хууль бусаар бий болгосон, улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхийн албан тушаал хашиж буй Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Баум зэрэг 24 хүнийг яллагдагчаар татсан юм.
БНСУ-ын “Дэү” компаниас Вьетнамд угсарч будсан хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан дээрх албан тушаалтнуудад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 17.3-2.2-ын их хэмжээний эд хөрөнгө залилсан, 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм.