УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Энэтхэг улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилт болон төслийн явцын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны мэдээллийг сонсжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид тус үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангахаар заасан. Тиймээс газрын тос олборлох хэмжээг нэмэгдүүлэх, “Петрочайна дачин Тамсаг” компанийн асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм.
Энэ талаар салбарын сайд Ц.Туваан “Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг 2019 оноос эхлэн үйлдвэрийн ажил, инженерчлэл, худалдан авах, барьж байгуулах гэсэн үндсэн төлөвлөлтөөр нийт дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй. Нэгдүгээр багцын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэж өгөх дутуу байна. Хоёр, гуравдугаар багцын ажил үргэлжилж байгаа, харин дөрөвдүгээр багцын ажилд санхүүжилт дутагдсан тул Энэтхэгийн “Эксим” банкнаас 431 сая ам.долларын зээл нэмж авах гэрээг УИХ-аар соёрхон батлуулж байж төсөл зогсолтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэнэ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын газрын тосны хэрэглээний 55 хувийг хангана. Өнөөдрийн байдлаар манай улсад “Петрочайна дачин Тамсаг”, “Доншин” ХХК 530 орчим мянган тонн түүхий тос олборлохоор байгаа. Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нэг сая орчим тонн түүхий тосны хэрэгцээ үүсэх учраас Засгийн газар олборлолтыг өсгөхийн тулд хайгуулын нэмэлт талбайнуудыг зарлах, үүнтэй холбоотой яриа хэлцлүүдийг хийхээр болж байна” гэсэн мэдээлэл өгөв.