Нийслэлд шинэ суурьшлын бүс бий болж, орон сууцын барилгууд ч эрчимтэй нэмэгдэх болсон. Мөн сургууль, цэцэрлэгийн тоо ч олширсоор буй. Үүнийг дагаад сүүлийн жилүүдэд зам тээврийн осол гарах нь нэмэгдэж, ялангуяа хүүхэд амиа алдсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн гэнэ. Иймд авто замаар гарах иргэдийн аюулгүй байдлыг хангахад нүхэн гарц нэн чухал үүрэгтэй. Мэргэжилтнүүд ч нүхэн гарц нь автомашин болон явган хүний хөдөлгөөний огтлолцлыг үгүй болгож, зорчигчид осолд өртөх эрсдэлийг бууруулна гэдэг. Тиймдээ ч төмөр замын Улаанбаатар өртөөнөөс Амгалан хүртэлх замд машин болон явган хүний нүхэн гарц барих гэж буй. Гэхдээ өмнө нь барьсан нүхэн гарцаа ер арчилж тордохгүй хэвээр байна.
“Үүнээс өөр орогнох газар байхгүй”
Нийслэлд явган хүнд зориулсан дөрвөн нүхэн гарц бий. Эдгээр нь өглөө ажил, сургуульдаа яарсан олны дайрч өнгөрдөг газар, оройдоо орон гэргүйчүүдийн орогнох байр болж буй. Нүхэн гарцаар олон хүн зорчдог ч цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ нь хангалтгүй байдаг талаар иргэд шүүмжилсээр байна. Багшийн дээдийн гэгдэх нүхэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зорьсон юм. 30 орчим насны залуу хөлөө завилан сууж, урдаа хайрцаг тавьчхаад уг нүхэн гарцын “харуул” мэт үүдээр нь орох хүмүүсээс “Ахдаа ганц юм аваад өгчих” гэж гуйна. Хувцас нь яадгаа алдсан муу биш ч хир, шороо дарж, дагтаршсан харагдана. Дөхвөл хамар сэтлэх шахам нэвширсэн архи, тамхины үнэр холилдон сэнгэнэнэ. Түүнийг Б.Баянмөнх гэдэг аж. Тэрбээр энд сүүлийн хоёр жил гуйлга гуйн өл залгуулж байгаа гэнэ. Хөдөлмөрийн насны залуу хүн байж яагаад гуйлга гуйж мөнгө олдог талаар тодруулахад тэрбээр “Би хэрчсэн гурилын үйлдвэртэй байсан юм. Гэхдээ цар тахлаас үүдэн дампуурчихсан. Хамаатан садангүй учраас энд л хоног төөрүүлдэг. Нүхэн гарцаар орж, гарч буй хүмүүсээс гуйлга гуйгаад өдөрт 10 орчим мянган төгрөг олдог. Түүгээрээ хоол авч, идэж байна. Үүнээс өөр орогнох газар байхгүй” гэв. Харин эл нүхэн гарцын нөгөө талд 50 орчим насны, тэргэнцэртэй эр суух. Нэг хөлгүй, тэргэнцэртэй ах гэдгээрээ хэдийн тэр хавийнхны танил болжээ. Тэр ч бас урдаа хайрцаг тавьж, картонон цаасан дээр “Хоолны мөнгө хайрла” гээд цэвэрхэн гэгч нь бичжээ.
Шатаар доош буувал хэзээ засвар хийж, арчилж тордсон нь үл мэдэгдэх, энд тэндээ ховхорсон плита, борооны усанд шарлаж, хөгцөрсөн юм уу гэмээр тааз, ариун цэврийн өрөөний эхүүн үнэр ханхална. Цааш алхахад энд тэндгүй сараачсан эрээн алаг хана угтах аж. Уг нь энэ нийслэл дэх худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй цор ганц нүхэн гарц. Тэнд хэд хэдэн хүн худалдаа, үйлчилгээ эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг юм байна. Цэцэг, бэлэг дурсгал, хувцас, чихэр, гэр ахуйн бараа гэх зэрэг олон бүтээгдэхүүнтэй бичил зах эл нүхэн гарцад бий. Гэтэл түрээслэгчид нь хуучирч муудсан, борооны ус дусдаг, ариун цэврийн өрөөний эхүүн үнэр ханхалсан газар өдөрт дор хаяж найман цаг ажилладаг юм байна. Түрээслэгчид “Сардаа 250 мянган төгрөгийн түрээс төлдөг. Хонхны баяр, эсвэл Алдарт эхийн одон гардуулах үеэс бусдад нь цэцэг тэр бүр зарагддаггүй. Тиймээс хажуугаар нь бэлэг дурсгалын зүйл болон гэр ахуйн бараа худалддаг. Уг нь бид түрээс төлдөг ч ажиллах орчин маш бохир. Учир нь энд архичид унтчихдаг. Бас хулгай хийнэ. Заримдаа өглөө ирэхэд бие засчихсан байдаг” гэсэн юм. Эл нүхэн гарцыг ашиглалтад оруулаад 10 гаруй жилийн нүүр үзжээ. Уг нь үүнийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ынхан хариуцдаг юм байна. Тэд түрээслэгчдийн төлбөрийн 40 хувийг нь “татдаг” аж. Харин 60 хувийг нь нийслэлийн Өмчийн харилцааны газар авдаг гэнэ. Гэтэл тэд сүүлийн жилүүдэд засвар, үйлчилгээ огт хийлгүй хөсөр хаяжээ.
Таазнаас нь ус шүүрч, шохой нь ховхорчээ
Үүний дараа Хүнсний 20 буюу Мөнгөн завьяагийн нүхэн гарцыг зорив. Энэхүү нүхэн гарц нь мөн л Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг аж. Уг нүхэн гарцыг 1988 онд анх барьсан. Үүнээс хойш засвар хийж тордолгүй, 2019 онд шинэчилжээ. Ингэхдээ шатны орц, гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотор талд ус зайлуулах шүүрт худаг, шахуурга суурилуулсан гэнэ. Мөн дээврээс ус нэвчдэгийг нь зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, дөрвөн камер байрлуулж, шат болон дотор ханыг нь засжээ. Энэ ажилд 130 орчим сая төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл таван жилийн дараа гэхэд Багшийн дээдийн нүхэн гарцаас ялгарах юмгүй болжээ. Үүдээр нь дөнгөж ороход чийг үнэртэж, өнгө өнгийн будгаар сараачсан хана угтав. Мөн архичдын оромж болсон гэхэд хилсдэхгүй. Цаасан хайрцаг дэвсээд дээр нь суусан хэдэн согтуу хүн хажуугаар нь зөрөх хүмүүсээс барьж буй ус, ундааг нь гуйна. Нүхэн гарцын гол хэсэгт ирэхэд тааз нь борооны усанд нэвчиж муудаад шохой нь ховхорчээ. Энд тэндээ эрээн алаг болж, шохой нь ховхорсон хана, шатсан гэрэл, эрээчиж сараачсан ханыг нь харахад огт засвар хийгээгүй мэт.
Хариуцах эзэнгүй хаягдсан гарцууд
Сүхбаатар дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Аж ахуйн тасгийн дарга М.Уранзаяагаас дээрх нүхэн гарцуудыг хэзээ засаж, тордох, хэрхэн хяналт тавьдаг талаар тодруулахад “Одоогоор тендер зарлаж, засвар хийхээр төлөвлөөгүй. Тэнд үйлчилгээ эрхлэгчид манайхаас гадна нийслэлийн Өмчийн харилцааны газартай хамтарсан гэрээ байгуулдаг. Түрээсийн төлбөр болон бусад асуудлыг дээрх байгууллагынхан мэднэ” гэх хариулт өгсөн юм. Харин нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан “Нүхэн гарцын ашиглалт, түрээсийн төлбөр зэргийг манайх мэдэхгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан хариуцдаг. Тэднээс тодруул” гэлээ. Гэтэл тус дүүргийн ЗДТГ-ынхан нь “Аж ахуйн хэлтэс үүнийг хариуцдаг. Харин цэвэрлэгээ, үйлчилгээг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн хийх ёстой” гэв. Энэ талаар тус хэлтсийнхнээс тодруулахад “Цэвэрлэгээ, үйлчилгээг нь “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ынхан хариуцдаг. Долоо хоногт нэг удаа цэвэрлэдэг. Нэг ам метрийг нь 70 төгрөгөөр тооцдог” гэсэн юм. Холбогдох албаныхан нь энэ мэтээр тоймтой хариу өгөхгүй бие бие лүүгээ чихэх аж.
Сүхбаатар дүүргийнхний хариуцдаг дээрх хоёр нүхэн гарц ийм дүр зурагтай угтсан бол Сансар болон Яармагийнх эсрэгээрээ байв. Үүдээр нь ороход хамар сэтлэх шахсан өмхий үнэр, энд тэндээ ховхорсон тааз харагдсангүй. Тухайлбал, Яармагийн гэгдэх явган хүний нүхэн гарцыг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан учраас харьцангуй шинэ. Хуучирч муудсан зүйлгүй байв. Уг нүхэн гарц нь нийт 37.5 метр урттай, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай. Мөн явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй гэнэ. Бороо орсон үед нүхэн гарцыг усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг ч бас суурилуулжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих орц, гарцыг стандартад нийцүүлэн налуу зам болон шаттай хийсэн байна.
Харин Мөнгөн завьяа, Багшийн дээд болон Сансрын нүхэн гарцад байх тэргэнцэртэй иргэнд зориулсан налуу зам нь стандартад нийцээгүй. Хэт эгц, бас бариулгүй замтай юм билээ. Уг нь налуу зам зөвхөн тэргэнцэртэй иргэнд бус, хүнд юм өргөсөн, хүүхдийн тэрэг түрсэн хүмүүст ч хэрэгтэй. Гэтэл эдгээр налуу замаар тэргэнцэртэй хүн битгий хэл хүүхэд багачууд ч өгсөж, уруудахад хүндрэлтэй. Бас налуу замуудынх нь зүүн талд стандартын бус бариул бий. Нэгэн ээж цахим хуудсандаа “Хүнсний 20-ийн нүхэн гарц зөвхөн зүүн талдаа бариултай. Үүгээр хүүхдийн тэрэг түрээд буух ямар ч боломжгүй. Тиймээс нүхэн биш явган хүний гарцаар гардаг. Хүүхдийн тэрэг түрсэн надад ийм хэцүү байхад тэргэнцэртэй иргэд үүгээр яаж буудаг нь ойлгомжтой биз. Уг нь хэн нэгний оролцоогүйгээр өгсөж, уруудахад зориулж үүнийг хийдэг. Гэтэл бодит байдалд хэн ч ашиглах аргагүй зүгээр л хэлбэр төдий зүйл” гэжээ.
У.ЦЭЦЭГСҮРЭН